🔴LIVE: Нууцад байсан Гашуунсухайт-Ганц мод хил холболтын гэрээг ил болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар С.Бямбацогт, Н.Учрал, Г.Дамдинням сайд нар болон “Эрдэнэс тавантолгой” ХК-д томилсон БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн нар мэдээлж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Гашуунсухайт-Ганц модны хил холболтын гэрээг нууцаас гаргах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Нүүрсний хулгай гарсан эсэхтэй холбоотой иргэдийн дунд байгаа эргэлзээ, тээнэгэлзээг арилгана.
УИХ-ын хэлэлцээр 2024 оны арванхоёрдугаар сард гарсан. Шинэ жилийн өмнөхөн баталсан байдаг. 2025 оны хоёрдугаар сард гэрээг байгуулсан. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг 2025 оны гуравдугаар сард баталсан байдаг. Бүгдийг нь нууцаас гаргаж, ил болголоо.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Шатахууны хомстол үүсэх гэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд бичиж, иргэдийн дунд төөрөгдөл үүсгэсэн нэр бүхий хаягуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд өнөөдөр өглөө.
Манай улс хэдийгээр шатахууны хувьд ОХУ-аас 100 хувь хамааралтай ч, Монгол Улсын Ерөнхий сайдын Владивостокт хийсэн айлчлал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан уулзалтаар "Ямар ч нөхцөлд таслахгүй" гэсэн амлалтыг авсныг та бүхэн санаж байгаа. Яг одоогоор Толгойт өртөөнд 150 тонн шатахуун ирээд байна. Ангарын заводын засвар долоо хоногийн дараа дуусна. Тэгэхээр тэндээс нийлүүлэлт хэвийн болно.
Баруун аймгийн хувьд асуудал үүссэн. Гэхдээ хэрэгцээ нь бага. ОХУ-ын Газпром компани ханган нийлүүлдэг. 11 сараас хэвийн болно гэсэн. Тэр болтол төвөөс нийлүүлээд явна.
Шатахуун дээр урт хугацааны шийдлийн хувьд хоёр шийдвэр гарч байна. Нэгд, шатахууны нөөцийн сав дээр 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгоно. 3-6 сарын шатахууны нөөц бүрдүүлэхийн тулд нөөцийн савны хүрэлцээ манайд муу байдаг. Ийм савтай болохын тулд яг одоогийн нөхцөлд 500 тэрбум төгрөг шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд арилжааны зээлээр авах боломжгүй, ер нь бол сонирхолгүй байгаад байгаа. Хоёрт, БНХАУ-аас шатахуун импортолж байгаа. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд дамжуулан авах төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүн дээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарлаа.
“Эрдэнэс тавантолгой” ХК-д томилсон БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн:
-Эрдэнэс Тавантолгой ХК он гарснаас хойш 22 сая тонн нүүрс олборлолоо. 18,6 сая тонныг нь экспортод гаргасан. 1,170 тэрбум ам.долларын орлого олсон.
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсон гурван сарын хугацаанд тус компанийн дансанд 513 сая ам.доллар ороод байна.
Биржээр 5,39 сая тонн нүүрс арилжиж, 342 сая ам.долларын орлого олсон гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.