Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцлээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн санаачилгаар өнгөрсөн долоодугаар сард хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас дээрх хоёр хүний холбогдсон хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснийг улсын яллагч Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг нар эсэргүүцсэн юм.
Анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ “Гэрчүүдийн хэн нь худал мэдүүлэг өгсөн, Өмнөговийн Цогтцэций сумаас Говьсүмбэрийн Шивээ-Овоо хүртэлх авто замыг З.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийн оролцоотой байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлсэн нь эрх зүйн ямар үр дагавар үүссэн, Б.Энх-Амгалан нийтийн, эсвэл төрийн өндөр албан тушаалтан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой” гэсэн захирамж гаргасан юм. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтар, ЗТХЯ-ны Автозамын газрын дарга асан Д.Доржханд, тус яамны ажилтнууд зэрэг таван хүний гэрчээр өгсөн мэдүүлэг зөрүүтэй байгаа тул шүүх хурлын үеэр дахин авч болно гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан байна. Прокуроруудаас гадна яллагдагч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх саналтай буйгаа давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд хандан илэрхийлсэн. Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнийн хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
Эл хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ оны хоёрдугаар сард хэлэлцээд Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон бол З.Энхболдыг цагаатгасан билээ. Харин давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд эл хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм. ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий хүн буюу төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн буруутгасан байдаг. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.