М.Энхцэцэг: Сэтгэл байвал 3000 төгрөгөөр ч бизнес эхэлнэ

М.Энхцэцэг: Сэтгэл байвал 3000 төгрөгөөр ч бизнес эхэлнэ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, “Эмма” салоныг үүсгэн байгуулагч М.Энхцэцэг дизайнер мэргэжилтэй. Хил хамгаалах байгууллагад 18 жил ажиллаад 2020 онд гавьяаны амралтдаа гарч мэргэжлийнхээ ажлыг эхлүүлж сэлэнгэчүүддээ үндэсний дээл, хувцас урлаж, захиалга ихтэй байна. Түүний энэ ажил хэзээ ч хуучрахгүй, хойч үедээ үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээж байгаадаа баяртай байна гэсэн юм.

-Та хэзээнээс оёдол сонирхож эхэлсэн бэ?

-Би оёдлыг багаасаа сонирхжээ. Жирэмсний амралттай байхдаа хүүхдэдээ тортой малгай хийхээр 3000 төгрөгийн метрийн даавуу авахад зургаан малгай гарсан. Цэцэрлэгийн хашаанд хүүхдээ салхилуулж байхдаа нэг малгайгаа 3000 төгрөгөөр зарсан нь бизнесээ эхлүүлэх гарцыг нээсэн. Бизнесээ эхлүүлэхэд сэтгэл байхад их мөнгө хэрэггүй юм билээ. Манайхан ийм бизнес хийхээр мөнгөгүй гэдэг. Сэтгэл байвал 3000 төгрөгөөр ч бизнес эхэлнэ.

-Танай үндэсний хувцас бусад оёдлын газраас юугаараа ялгаатай вэ?

-Үндэсний хувцас бидний бахархал бас хэзээ ч загвараа алдахгүй. Бусад салон, оёдлын газрууд загварыг янз бүр болгож байгаа. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс ч гэсэн ийм загвараар хийлгэе гэдэг. Миний нэг баримталдаг зарчим бол үндэсний дээл, хувцасныхаа хэв маягийг алдахгүйгээр хойч үедээ өвлүүлэн үлдээхийг боддог. Мэдээж баяр, ёслолд тохируулаад захиалгынхаа дагуу янз бүрээр хийлгэж болно. Үүнийг үгүйсгэхгүй хийж өгдөг. Гэхдээ үндсэн баримталдаг зарчим маань монгол дээл гэхэд ямар ч элдэв маяггүй, харин нударгагүй байж болно. Би 10 хүн сургасан байхад цаашид 100 хүнд өвлүүлээд явах болов уу гэсэн бодлоготой ажилладаг.

Untitled 15%D1%8B%D3%A9%D0%B1%D3%A9%D0%B1%D1%8B%D3%A9%D0%B1%D1%8B

-Захиалга их байна уу?

-Манайх захиалгаа эртнээс авдаг. Тухайлбал, зургадугаар сарын 1-ний одонгийн дээлээ цагаан сарын дараагаас аваад тавдугаар сарын 28 гэхэд хүлээлгэж өгдөг. Цаг нь тулсан үед ажлын цагаа уртасгаж ажилладаг. Ачаалал, захиалга их байгаа.

-Үнийн хувьд?

-Хүмүүс бусад бүтээгдэхүүн дээр нэмүү өртөг шингэнэ гэж ярьдаг. Нэмүү өртөг нь олон төрөл байгаа. Олон төрлийн нэмүү өртөг шингэж байгаагаас манайд түрээс, замын түгжрээнд саатахгүй. Сэлэнгэ аймаг түгжрэлгүй учраас үүнд зарах болон өөрийн гэсэн ажлын байртай болохоор түрээсэнд мөнгө тооцоолдоггүй. Тиймээс манай бүтээгдэхүүнүүдэд хөдөлмөрийн хөлс, материал, материал ирж байгаа замын гэсэн цөөхөн зардал гардаг болохоор үнэ боломжийн байдаг.

Орон нутагт хөдөө мал дээр байдаг хүмүүс тогтмол цалинтай биш. Тиймээс тэдэнд тохируулаад аль болох үнийг бага, олон хүнд хүртээмжтэй байгаасай гэж боддог. “Аажуу явбал аандаа хүрнэ дээ” гэдэг шиг бизнеийг сэтгэл зүрхээрээ хийхэд хөгжинө гэж боддог. Айхтар ашиг хараад, хурдан баяжих нь гоё биш байх гэж яагаад ч юм боддог. Иймээс орон нутгийнхаа хүмүүсийн хэрэгцээнд нь нийцүүлээд чадахаараа хямд байхыг хичээдэг.

-Үндэсний хувцснаас гадна европ хувцас хийнэ биз?

-Манайх баяр, ёслолтой уялдуулаад хүүхдийн хувцас авчирч байгаа. Бид хүүхдүүддээ бэлэг өгөхөд дор хаяж 30-40 мянган төгрөгийн чихэр, жимс өгч байснаас хөөрхөн даашинз авч өгөх боломжтой. Мөн дээл, хувцснаас гадна манайд монгол хэв маяг, хээ угалзтай цүнх, сонголттой, үнэ нь боломжийн монгол ээмэгнүүд бий. Ээмэг, зүүлтнээс гадна бэлэг дурсгалд өгөх гоё юмнууд ч байгаа. Найз нөхөддөө төрсөн өдөр болон болох гэж байгаа баяртай нь холбогдуулаад хээ угалзтай зүүлтийг бэлэглэж болно. Тухайлбал, гэр хэлбэртэй энгэрийн зүүлт байна. Манайд үндэсний хувцас дээр тохируулаад авахад гуталнаас бусад нь байна. Манайд зөвхөн монголчууд ирдэггүй. Буриадууд ирж арьсан эдлэл их сонирхдог.

-Танайх энэ бүтээгдэхүүнүүдийг хийдэг гэсэн үг үү?

-Үгүй ээ. Улаанбаатарт байдаг адилхан бизнес эрхэлдэг бизнес эрхэлгчидтэйгээ хамтраад малгай, цүнх, бүсийг зарж өгье. Та нар маань манай дээлийг зарж өгөөрэй гэх мэтээр нэгнийхээ бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Миний багаасаа хүсэж мөрөөдсөн мөрөөдөл минь үндэсний хувцсыг хойч үедээ үндэсний чигээр нь үлдээе гэсэн бодлогоо сайн баримталдаг. Манайхыг зорин ирж үйлчлүүлдэг, байнгын үйлчлүүлэгчид болон манайхыг сонирхож байгаа бүх үйлчлүүлэгчиддээ их баярлалаа. Мэдээж “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэдэг шиг бид хэдий хөдөлмөрлөөд та нар минь үйлчлэхгүй бол бидний хөдөлмөр үнэгүйднэ.

Биднийг байнга дэмжиж үйлчлүүлдэг орон нутгийн болон бусад үйлчлүүлэгчдэдээ баярлалаа. Би Дорнод аймгийн уугуул. Зөвхөн Сэлэнгэ аймаг бус бусад сум болон Дорнод, Улаанбаатараас зорин ирж дээлээ хийлгэдэг хүмүүс ч байдаг. Та нартаа баярлалаа, та нарынхаа итгэлийг алдахгүй цаашид илүү чармайн ажиллах болно. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, хэрэглэгчиддээ, үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууддаа баярлалаа. 

Untitled 14454554

Untitled 454455454

Р.ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7686)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.