🔴LIVE: Ц.Сандаг-Очир: Унасан бөх туг тойрдоггүй. Сайд дарга нар шүүгчийн ажил хийж хэзээ ч болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барилаа. Түрүүхэн УИХ дахь зарим гишүүд болоод Засгийн газрын дийлэнх гишүүд УИХ-ын даргыг шалгуулах шаардлагыг өргөн барьсан байна. Энэ бол Монголын Парламентад анх удаа гүйцэтгэх засаглал нь УИХ, хууль тогтоох дээд байгууллага руугаа халдсан үйл ажиллагаа болж байна. Ийм асуудал байж болохгүй гэж хувьдаа үзэж байгаа учир Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсгээ зурсан.

Энэ бол ердөөсөө МАН-ын даргын сунгааны асуудлаас үүдэлтэй. Цагаан байрандаа шийдчих асуудлыг өнөөдөр Төрийн ордны цагаан байранд оруулж ирж, төрийн ажлыг гацааж байгаад туйлын харамсаж байна. Унасан бөх туг тойрдоггүй. Намын даргын сунгаанд уначхаад өнөөдөр Ерөнхий сайдаараа байна, намын дарга болно гэж энэ ажлыг эхлүүлсэн. Хэн нэгнийг шүүхээр эцэслэн гэмт хэрэгт холбоотой гэдгийг нотлоогүй, тогтоогоогүй байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө УИХ-ын даргыг алуурчин, авлигачин мэтээр цоллож байгаад гүнээ харамсаж байна.

Сайд дарга нар шүүгч, прокурор, АТГ-ын байцаагчид болжээ. УИХ дээр хэрэг ярьдаг болсон байна. Энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал. 

Энэ бол хууль тогтоох байгууллагын хараат бус, бие даасан байдалд халдаж, улс төрийнхөө хэрүүл тэмцэлд хууль, шүүхийн байгууллагыг татан оролцуулж, Монгол Улсад хууль засагладаг биш, эрх мэдэлтнүүд засагладаг, хууль, шүүхийн байгууллагыг дохио зангаагаараа хөдөлгөдөг мэтээр аашилж авирлаж байгаа учраас УИХ-ын 68 гишүүнтэй бүлгийг хоёр хувааж, талцуулж, ийм асуудалд оруулсан хүн нь хэн бэ гэхээр Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатар өөрөө болж байна. Өнөөдөр эрх баригч нам байтугай цаашлаад Парламентад энэ Засгийн газар ямар ч итгэл үнэмшилгүй болж байна. Дэмжлэггүй Засгийн газар болсон учир цаашид ямар ч үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бололцоо байхгүй гэж үзэж байна. Тиймээс Засгийн газар даруй огцрох хэрэгтэй. 

Яагаад ганцхан Их Хурлын даргыг шалгуулах гээд байгаа юм бэ? Энэ 126 дотор нэр цэвэр улс хэд байгаа юм? Олонх нь асуудалтай байгаа. Тэгвэл бүгдээрээ шалгуулцгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.