Мансууруулах үйлчилгээтэй ургамал тарьж байсан компанийнхныг шалгаж эхэллээ

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тарьж байсан компанийнхныг шалгаж эхэллээ

Газар тариалан, мал аж ахуй, мод тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг “Дорнодшим агро” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй ургамал тарьж, ургуулж байсныг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна.

Улаан буудай, рапс, ногоон тэжээл, овьёос зэргийг тариалсан талбайнхаа нэг хэсэгт уг мансууруулах үйлчилгээтэй ургамлыг суулгасан нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Тухайн ургамлыг мэргэжлийн байгууллагуудаар шинжлүүлэхэд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нoлooлoх бодисын тухай конвенцод багтсан бодис илэрсэн гэнэ. “Дорнодшим агро” ХХК нь Япон, Өвөр Монголын болон манай улсын иргэний хөрөнгө оруулалттай бөгөөд Улаанбаатар хот дахь оффис, агуулахад нь цагдаагийнхан шалгалт хийгээд нэлээд хэмжээний үр хураан авч, шинжилгээ хийлгэхээр холбогдох байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн “Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ оны есдүгээр сарын 25-нд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий байгууллага нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал тариалсан байж болзошгүй гэмт хэргийг тус аймгийн Цагдаагийн газар илрүүлэн Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байна” хэмээсэн юм. Тухайн аж ахуйн нэгжийнхнийг Эрүүгийн хуулийн 20.10-1, 20.10-3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан, энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу мөрдөн шалгаж буй аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.