З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа.
Тэдний дөрвөн өмгөөлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой биш гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн учраас ийн шийдвэрлэжээ. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, оноосон ял шийтгэлийг эдлэхээр болж байна.
Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 12-нд хэлэлцэн гадаадын тусгай албаныхантай хамтран ажилласан гэм буруутайд тооцон, З.Санждорж ламд есөн жил зургаан сар, Д.Бямбажавт есөн жилийн ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн долоодугаар сард тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Уг хоёр хүнийг 2024 оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газрынхан саатуулан Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн шалгаж эхэлсэн бөгөөд шат шатны шүүхээс тэдний гэм буруутай нь нотлогдсон гэж дүгнэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.