УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д гомдол гаргажээ

“УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь тухайлсан нэг, эсхүл хэд хэдэн хүнийг нүүрсний гэж нэрлэсэн тодорхой бус хэрэгт холбоо хамааралтай гэх ойлголтыг нийгэмд өгөх замаар тэдгээрийг “эх орноос нь хөөнө” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүний хувьд зөвшөөрч эс болох үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийг дээдлэн сахихаа тангаргалсан байдаг тул Б.Энхбаярын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан болохыг тогтоож өгнө үү” хэмээн иргэн Б.Отгонпүрэв, Б.Баасансүрэн нар Цэцэд гомдол гаргасан байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдаг. НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д “Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-д “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж тус тус заасан байдаг.
Иймд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийг дээдлэн ажиллах тангараг өргөсөн албан тушаалтны хувьд Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг мөрдөж ажиллах үүрэгтэй ба Б.Энхбаярын уг үүргээ зөрчсөн гэж үзэн ийнхүү гомдол гаргасан байна.

Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж маш тодорхой заасан байдаг. Үндсэн хуулийн эл зарчмын дагуу тодорхой нэг хэрэгт буруутгагдсан, шүүхээс ч тухайн этгээдийг эх орноос нь хөөж болохгүй, боломжгүй билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн нь аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тогтоодоггүй, эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй юм. Магадгүй шүүхээс хэн нэгнийг гэм буруутай гэж үзсэн ч эх орноос нь хөөх гэдэг ял шийтгэл байхгүй байтал УИХ-ын гишүүн нь тодорхой хүнийг эх орноос нь хөөхөө ард түмэндээ амлалт өгч буй нь зүй ёсны үйлдэл огт биш хэмээн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.