🔴Б.Жавхлан: Хэн дуртай нь цээжний бангаар Монгол Улсын эдийн засгийг муу гээд яриад явж болохгүй
Улсын төсөв, валютын нөөцийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
- Монгол Улсын Төрийн Сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долоодугаар сард тодотгол хийсэн. Батлагдсан төсвийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгааг албан ёсоор хэлье. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.
Монголбанк болон Үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоон мэдээлэл авлаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ нь 4-5 сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм.
Олон улсын валютын сангаас жилд хоёр удаа улс орнуудад очиж ажилладаг. Манай улсад ямар нэг эрсдэлтэй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өртэй холбоотой эрсдэлтэй зүйл байхгүй гэдгийг дүгнээд явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн цуг яваасай гэж хүсэж байна. Очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой буюу хэвийн гэж зарласан. Хятадын зээлжих зэрэглэл буурсан. Манайх Хятадаас ямар их хамааралтай байдаг билээ. Гэсэн ч манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалсан. АНУ-ын мөн унасан. Манайхтай ижил төстэй жижиг улсуудынх ч унасан. Харин манайх тогтвортой байж чадсан. Бид өөрсдөө хэлээд байгаа юм биш, олон улсад ингэж үзэж байна. Тийм учраас Төрийн сангийн үйл ажиллагаа, ОУВС-аас гарч буй дүгнэлтүүд, Монгол Улсын валютын нөөц гэх мэт эдгээр асуудлыг хэн дуртай нь гарч ирээд улс төржүүлж, цээжнийхээ бангаар ярьж болохгүй. Маш эмзэг асуудал шүү.
Төсөв харамсалтай нь хэлэлцэхгүй байна. Энэ долоо хоногт ажилдаа ороосой гэж хүсэж уриалж байна. 10 дугаар сар гарчихаад байхад төсвийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийгээгүй байна гэдэг маш эрсдэлтэй болж байна гэсэн үг. 11 дүгээр сарын 15 гэхэд бид төсвөө баталсан байх ёстой. Санал шүүмжлэл хүлээж авна. Яриад байхын оронд ажлаа хиймээр байна.
Засгийн газар шийдвэрээ гаргасан. Засгийн газрын байр суурийг би хамгаалж ярина. Монгол Улс Үндэсний биржийн тухай хуультай болсон. Хятадын биржийн үнээр биш, өөрсдийн үнэтэй болох гэж ийм хуультай болсон. Биржээрээ ил тод бүх юм нь арилжаалагдаж байдаг. Түүнээсээ АМНАТ тооцож авдаг л шилжилт. Ийм л тодорхой зүйлийг буруу талаас нь гуйвуулж болохгүй. П.Сайнзориг гишүүнийг өөрөө мэдэхгүй, ойлгохгүйдээ тэгсэн гэж бодохгүй байна. Улс төрийн зорилготой юм уу даа л гэж харсан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.