🔴LIVE: Г.Дамдинням: Үүнээс ч дор тогтоол батлахад Засгийн газар огцруулах талаар яриагүй. Шударга баймаар байна
Засгийн газрын 55-р тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өглөө.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Монгол Улсын холбогдох хуулиуд буюу Ашигт малтмалын тухай хууль, Биржийн тухай хуулиудад заасан Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд энэ 55-р тогтоолтой яг ижилхэн гарч байсан өмнөх есөн тогтоолтой адил арав дахь тогтоолыг гаргасан. Асуудал яриад байгаа гишүүн маань өөрөө Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2013 оноос хойш ажиллах хугацаандаа Уул уурхайн салбарыг хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар хүртэл есөн жил орчим ажиллахдаа энэ арван тогтоолын тавд нь оролцож, шийдвэр гаргалцсан байдаг. Энэ таван тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугтах боломж олгосон тогтоолууд гаргаж байсан. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах талаар асуудал ярьж байгаагүй юм бэ? Тэр үед оролцож явсан юм бол шударгаа ёсоо яагаад яриагүй юм?
Өмнө нь үүнтэй ижил, энэнээс ч долоон дор шийдвэрүүдэд оролцож явсан байж одоо Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож оруулж ирж байгаа нь улс төрийн зорилготой. Энэхүү тогтоол гарснаар 40 хоногийн хугацаанд 5.1 сая нүүрс борлуулж, биржийн арилжааг бараг 20 хувь дүүргэсэн. Мөн 2.3 их наяд төгрөгийн борлуулатын орлого, 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Өөрөө хэлбэл, 200 тэрбум төгрөгийн алдагдал гэдгийг хаанаасаа бодож олсныг мэдэхгүй байна. Тооцооллоо гаргаж ир. Бид оны төгсгөл гэхэд 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох тооцоолол хийгээд, аль эрт 60 хувиа даваад явж байна.
Шүүхийн шийдвэрийн талаар яриад байгаа зүйлийг өмнөх Засгийн газраас асуугаарай. 2020-2024 оны хооронд болсон үйл явдал юм байна лээ. Нийт ард түмэндээ байгалийн баялгыг нь шууд хүртээдэг загварын эсрэг яагаад дайраад байгаа юм бэ? "Эрдэнэс Тавагтолгой" компани энэ тогтоолоос хамгийн их ашиг хүртэнэ. Шударга л байя.
Зургийн цомог




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.