"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 001/ХТ2024/0090 тогтоолоор "Энержи ресурс" ХХК-ийн АМНАТ-ийг 2015 онд тогтворжуулсан гэж үзэж, тус компанийн экспортолж буй нүүрсэнд АМНАТ ногдуулахдаа гэрээний үнийг ашиглах шийдвэр гаргасан. Ингэснээр цаашид тус компанийн экспортлох бүх төрлийн нүүрсэнд олон улсын жишиг үнэ ашиглан АМНАТ ногдуулах боломжгүй болжээ.

Тодруулбал, "Энержи ресурс" ХХК-иас дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь "АМНАТ-ийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Энержи ресурс” ХХК-ийн АМНАТ төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх" байв.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс "Энержи ресурс" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Тухайлбал, АМНАТ-ийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Тогтворжуулах гэрчилгээ олгох үед хуульд заасан байсан "татварын хувь" болон тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор  батлагдсан "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалын дагуу АМНАТ-ийн ногдлыг тодорхойлж, татварын тооцооллыг хууль тогтоомжид заасны дагуу хийж, илүү төлүүлсэн бол буцаан олгохыг Татварын еренхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгажээ.

Ингэснээр "Энержи ресурс"-ын экспортлох бүх төрлийн нүүрсэнд олон улсын жишиг үнэ ашиглан АМНАТ ногдуулах боломжгүй болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.