🔴 Б.Тулга: Хэн нэг хүнийг шалгаж, шоронд хий гэдэг үүрэг өгч Хууль зүйн сайдыг томилж болохгүй
Ерөнхий сайд Г.Занданшатар: Би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа" хэмээн өчигдөр /2025.09.30/ мэдэгдсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайдын гэнэт гаргасан энэхүү шийдвэр Үндсэн хууль болоод Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн үү. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Тулгаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Тулга:
-Засгийн газрыг тэргүүлж байгаа хүн кабинетын гишүүдээ сэлгэн томилох бүрэн эрхтэй гэж би үзэж байна. Процедурын хувьд зөв хийх ёстой. Иргэн А сайдаар томилж байна гэчихээд маргааш нь иргэн Б-г томилоод байж болохгүй. Үндсэн хуульд тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Тэр утгаараа өчигдөр зарлахдаа "Томилж байна" гэсэн нь буруу. Өнөөдөр процессоороо явж байх шиг байна. ЗГХЭГ-ын дарга нь ч шийдвэрийг мэдэхгүй байсан. Шийдвэр гаргасан хүмүүс нь тайлбараа хэлэх ёстой.
Ардчилсан нийгэмд намын дотоод өрсөлдөөн шударга, ил явах ёстой. МАН-ын даргад өрсөлдөгчөө хурлын өмнө "Хүн амины хэрэгт холбоотой" гэх мэдээлэл гаргачихаад хурлын дараа тэр хүнээ сайдаар томилж байна. Ардчилсан байдлаар явсан өрсөлдөөн дээрээ үр дүнгээ хүлээн зөвшөөрөх тал дээр асуудал гарлаа гэж үзэж байна. Аль аль тал нь ойлголцоод ялсан талаа хүлээн зөвшөөрмөөр байна.
"Хэн нэг хүнийг шалгаж, шоронд хий" гэдэг үүрэг өгч Хууль зүйн сайдыг томилж болохгүй. ХЗДХ-ийн сайд салбарын эрх зүйн орчныг зохицуулах үүрэгтэй болохоос биш хэн нэг хүнийг яллах гэж прокурорийн үүрэг гүйцэтгэдэг хүн биш. Ингэвэл ардчилсан нийгэм биш өөр нийгэм болно. Үүний эсрэг тууштай зогсоно гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.