Соёлын сайд асны сагуу цацсан олон тэрбум төгрөгийн үргүй зарцуулалт

Соёлын сайд асны сагуу цацсан олон тэрбум төгрөгийн үргүй зарцуулалт

Эгэл жирийн иргэд бид улсдаа тушаасан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийнхээ үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд завшиж, өөрсдөө, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр энд тэнд үл хөдлөх хөрөнгө, элдэв үнэт зүйл болгосны улмаас ард түмэн хохирч, цалин, тэтгэврийнхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа. Иргэд хувь хүний, нэмэгдсэн өртгийн, бизнес эрхэлдэг бол аж ахуйн нэгжийн орлогын гээд олон албан татвар төлдөг. Эдгээрээс Монгол Улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлж буй билээ. Гэтэл ингэж бүрдүүлсэн төсвийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд дур зоргоороо зарцуулж, шамшигдуулж байна гэхэд хилсдэхгүй. Үүний бодит жишээ бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан Чинбатын Номингийн зарцуулсан олон тэрбумаар тоологдох төсөв.

Цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд сүүлийн хэд хоног түүний зарцуулсан төсвийн хөрөнгөтэй холбоотой мэдээлэл цацагдаж, тэрбээр өчигдөр арьсаа хамгаалсан” төлбөртэй ярилцлага хэвлэлд өгөв. Өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард 2025 оны улсын төсөв батлахын өмнө тухайн үеийн ССАЖЗ-ын сайд Ч.Номин үр ашиггүй олон тэрбумын төсөв батлуулахаар улайрч” байсныг уншигчид мартаагүй. Тодруулбал, 18.3 тэрбум төгрөгөөр Соёлын ваучер” тараах гэх мэт үр ашиггүй зүйлд хөрөнгө зарцуулах гэж төсвийн төсөлд тусгуулсныг олон нийтийн сүлжээнд шүүн хэлэлцсэн”-ээр хасуулж байв.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд цахим спортын төрөлд дэлхийд нэрээ гаргаад буй MongolZ багаар халхавчлан улсын төсвөөс 60 сая төгрөг зарцуулсан дуулиан олны анхааралд өртсөн.

ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин нөхөр Г.Бат-Эрдэнийнхээ үүсгэн байгуулсан Монголын электрон спортын холбоонд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалтад зориулж 40, дэлхийн электрон спортын наадмын цугларалт нэрээр 20 сая төгрөг улсын төсвөөс олгох гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард эрхлэх асуудлынхаа хүрээнд багтдаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр батлуулсан юм. Мэдээж өөрөө гарын үсэг зурвал илт ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр гэрээ хийлгэсэн биз. Ийм төсөв батлах асуудлыг Ч.Номин л сайд байхдаа тусгуулж, шийдвэрлүүлсэн нь үнэнтэй.

Тодруулбал, тэрбээр ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байхдаа 2025 оны гуравдугаар сард Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тухай тушаал гаргаж, түүнийхээ хамгийн сүүлд буюу 26-д нь электрон спортын шигшээ баг байгуулахаар тусган, хэрэгжилтийг хангахыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Билэгтэд даалгасан байдаг. Улмаар мөнөөх Э.Билэгтийн тушаалаар Монголд өнгөрсөн тавдугаар сарын эхээр болсон Номадик мастерс” цахим спортын тэмцээнд 38.2 сая төгрөг зарцуулсан нь MongolZ багаар халхавчлан улсын төсвөөс олгосон 60 саяасаа шилжүүлсэн үү, эсвэл өөр эх үүсвэрээс үү гэдгийг шалгах л ёстой. Хэрэв эл 60 сая төгрөгөөс зарцуулсан бол үлдсэн мөнгө нь хэний халаасанд орсон бэ гэдгийг хууль хяналтын болон аудитын байгууллага шалгаж тогтоох нь зүйд нийцнэ.

“Алаагүй баавгайн арьсанд” зориулж 1.4 сая ам.доллар олгосон гэв үү

Байгалийн түүхийн музейг нурааж, өдгөө Их тэнгэрийн аманд, төрийн тусгай хамгаалалттай хашаан дотор шинээр барьж буй.

Их тэнгэрийн амны 6.6 га газарт Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нэрээр барьж буй шинэ барилгын ажлын явц 50 хувьтай үргэлжилж буй талаар өнгөрсөн тавдугаар сард ССАЖЗЯ-наас мэдээлж байв. Гэтэл баригдаж дуусаагүй музейд шинэ менежмент хэрэгжүүлнэ хэмээн гадаадын компанид татвар төлөгчдийн их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн тухай яригдах болж. Тодруулбал, шинэ музейг оролцоонд суурилсан соёл, шинжлэх ухааны орон зай, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгон хөгжүүлэхээр АНУ-ын олон улсын зөвлөх үйлчилгээний Лорд культурал ресорсес” компанитай хамтран ажиллахаар болж, энэ оны тавдугаар сарын 27-нд гэрээ байгуулсан байдаг. Барилгаа босгож дуусгаа ч үгүй байхад, өнөөх алаагүй байвгайн арьсыг авах” гэгчээр үзүүлэг дэглэлтийн агуулгыг тодорхойлох судалгаа, хөгжүүлэлт, дизайны төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын тооцоо гаргахад зориулж хаа байсан далайн чанадын компанид 1.4 сая ам.доллар олгохоор болсон гэнэ. Түүгээр ч зогсохгүй сайд Ч.Номингийн энэ оны дөрөвдүгээр сарын тушаалаар Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн үзэл баримтлал, үзүүлэг дэглэлтэд олон улсаас үйлчилгээ авахад шаардагдах нэг тэрбум 575 сая төгрөгийг санхүүжүүлэхийг ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчид зөвшөөрсөн юм билээ. 

Гадаадаас сайн туршлага, менежментийг нь авч бололгүй яах вэ. Гэхдээ төсвийн хөрөнгөд хайр гамтай хандах учиртай биш гэж үү. Заавал далайн чанадын орнуудаас, өндөр өртөг зардал гаргаж хүн, хүч авчирч байхаар хойд хөршийн Эрмитаж, эсвэл БНСУ, Японоос менежментийн баг уривал адаглаад нислэгийн тийзийн зардалд зарцуулах олон сая төгрөгийг хэмнэж болмоор. Ард түмнээ бүсээ чангал, төсвийн байгууллагынхныг хэмнэлтийн горимд шилжүүл гэдэг хэрнээ энэ мэт үрэлгэн зардлыг бас тооцож, бодолцож болохгүй юм гэж үү. 

“Фулхэм”-ийн бэлтгэлийн цамц дээрх лого Монголыг сурталчилж чадсан уу

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Go Mongolia гэх хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Үүний хүрээнд тухайн үеийн ССАЖЗ-ын сайд Ч.Номин Английн хөл бөмбөгийн Примьер лигийн Фулхэм” клубтэй хамтран ажиллахаар 2024 оны зургаадугаар сард гарын үсэг зурж байв. Энэ талаарх мэдээллээ тус яамны албан ёсны цахим хуудсанд Дэлхийн 190 гаруй улсын, зарим тооцооллоор дөрвөн тэрбум орчим үзэгчтэй хөл бөмбөгийн спортын шилдэг лиг болох Примьер лигийн улирлын тоглолтуудын үеэр Go Mongolia үндэсний брэндээр дамжуулан олон зуун сая хөл бөмбөг сонирхогчдод Монгол Улсыг сурталчлан таниулах боломж нээгдэж байна. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Фулхэм” клуб нь Примьер лигийн 2024-2025 оны улирлын турш багийнхаа албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээн дэх мэдээллийн сувгуудаараа дамжуулан дэлхийн сая сая хөл бөмбөг сонирхогчдод Go Mongolia брэндийг танилцуулж, үүгээрээ дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах юм” хэмээн цацсан нь одоо ч бий.

Нэг жилийн хугацаатай буюу 2024-2025 оны улирлын турш 24.5 мянган суудалтай стадиондоо Go Mongolia брэндийг сурталчлах, зөвхөн бэлтгэлийн үеэр өмсөх хувцас буюу цамц дээр нь уг логог байршуулах төлбөрт эхлээд 360 000 фунт стерлингийг төсвөөс гаргаж. Дараа нь нэмээд 460 000 болон 370 000 фунт төсөвлөж, заримыг нь шилжүүлсэн гэнэ. Гэрээ байгуулсан 2024 оны зургаадугаар сард эхний 360 000 фунтийг Английн Фулхэм” баг руу илгээсэн байдаг аж. Тус багтай гэрээ байгуулсан үеийн Монголбанкны ханшаас харахад нэг фунт стерлинг 4328.64 төгрөгтэй тэнцэж байв. 360 000-ыг энэ ханшаар хөрвүүлэхэд 1.5 тэрбум гаруй төгрөг болно. Гурван удаагийн дүнг нийлүүлбэл 1 190 000 (нэг сая нэг зуун ерөн мянган) фунт буюу 5.1 тэрбум гаруй төгрөг болох нь.

Английн Примьер лигийн тоглолтыг мэдээж олон хүн үздэг. Харин 2024-2025 оны улирлын тоглолтын үеэрээ Фулхэм”-ийн хөл бөмбөгчид Go Mongolia гэсэн лого бүхий цамц (футболка) өмсөөгүйг үзэгч, сонирхогчид төдийлөн анзаараагүй болов уу. Тэмцээний өмнөх бэлтгэлийн цамц дээр ийм лого байрлуулсан нь хэр ач холбогдолтой сурталчилгаа байсан юм бол доо. Европоос, тэр дундаа Англиас өнгөрсөн хоёр жилд манай улсыг зорьсон жуулчдын тоо энэ багийн тоглолтыг үзээд өссөн үү гэдэг нь ч эргэлзээтэй. “Үүний оронд зорилтот зах зээл болсон Солонгос, Япон руу илүү хөрөнгө зарцуулсан бол үр дүнтэй байсан юм биш үү гэх аялал жуулчлалын бизнес эрхлэгчид ч бий.

Энэ мэтээр төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг баталсан баримтууд байна. Үнэндээ төсвийн мөнгө уйлдаг. Түүний нулимс нь ард түмэнд татварын ачаалал, инфляцын өсөлт, цалингийн хүрэлцээгүй байдлаар илэрч буй билээ. Монголыг гадаадад сурталчлах нэрийн дор зориулсан бусад хөрөнгийн зарцуулалт хэрхсэн талаар цаашид бид хүргэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.