М.Мандахбаяр: Ээжийн минь урласан дээлэнд хүүгээ сайн барилдаасай гэсэн сэтгэл нь шингэсэн байдаг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бөхийн ертөнц” буландаа Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, сумын заан М.Мандахбаярыг урьж, ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Монгол бөхийн өргөөнд болсон “Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан”-д түрүүлээд байгаа юм.
-Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 127 дахь барилдаанд өнгөтэй сайхан барилдаж түрүүлсэнд баяр хүргэе. Бөхийн өргөөнд анхны түрүүгээ хүртсэн энэхүү барилдаанаар нь яриагаа эхэлье?
-Та бүхэнд баярлалаа. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, 1994 онд зохион байгуулагдсан анхны сумын заануудын барилдааны түрүү бөх Д.Мягмарсүрэн ахын нэрэмжит 512 бөхийн барилдаанд үнэн хүчийг үзэж, намрын нээлтийн барилдаандаа сайхан зодоглолоо. Өмнө нь Бөхийн өргөөнд хэд хэдэн удаа тав давж шөвгөрөөд байсан. Энэ удаа анхны түрүүгээ хүртлээ. Баяртай байна.
Барилдааны өглөө бие хөнгөн сэрээд түрүүлж болмоор санагдсан. 2021 онд аймгийн начин Б.Гончигсүрэн залуу бөх байхдаа түрүүлснээс хойш энэ барилдаанд манай аймгийн бөх түрүүлээгүй байсан. Ингээд нэгийн даваанаас эхлээд учраа бөхтэйгөө хурдан шуурхай, өөртөө итгэлтэй барилдсан. Би ихэвчлэн хурдан шуурхай, ажиллагаа сайтай барилдахыг эрмэлздэг. Тиймдээ ч улсын харцага Б.Зоригтбаатар ахынхаа уран барилдаануудыг харж, суралцдаг. Мөн А.Сүхбат аварга, Ө.Даваабаатар харцага, Т.Баасанхүү харцага байна. Ер нь өндөр цолтой бөхчүүдээс бүгдээс нь үлгэр дуурайлал авдаг.
-Тэгвэл үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэх болов. Спортоор амжилт гаргахад өөрийн хичээл зүтгэлээс гадна олон хүний дэмжлэг туслалцаа нөлөөлдөг болов уу?
-Аав маань бөхөд дуртай хүн байдаг. Тэр ч утгаараа залуудаа сум орон нутагтаа зодоглож явсан. Сумандаа трактор барина. Мөн дасгалжуулагч хийдэг байлаа. Улсын начин Ц.Нямдорж, аймгийн заан Б.Баатарсүрэн гээд шавь нар нь байна. Арван жилийн сурагч байхад нь дасгалжуулж, тэмцээн уралдаанд дагуулж явдаг байсан гэдэг.
Миний хувьд ч мөн багаасаа барилдах дуртай байв. Үндэсний бөхийн хамгийн анхны багш маань Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Х.Баярнэмэх гэж хүн бий. Харин 2016 онд “Аваргын гараа” өсвөрийн бөхчүүдийн барилдаанд барилдаж, Ч.Ганзориг багштайгаа танилцсан юм. Ингээд 2017 оноос “Бөхбилэгт” дэвжээндээ Д.Рагчаа, Ч.Ганзориг хоёр багшийнхаа заавар зөвлөгөөгөөр бэлтгэл сургуулилалтаа одоо хүртэл хийж байна. Гэвч харамсалтайгаар бэртэл авч, хэдэн жил өнжөөд 2021 онд Аварга дээд сургуульд элсээд улсын начин Б.Адъяахүү багш дээрээ бэлтгэлээ илүү тууштай хийх болсон.
Бэртэл гэмтэлтэй үе их хэцүү л дээ. Гэхдээ зорьсон зорилгынхоо эцсийг үзнэ гээд ард нь гарсан. Ойр тойрны хүмүүс маань “Бэртлээ хурдан эдгээгээд цаашдаа улам сайн амжилт гаргах хэрэгтэй” гэж дэмжиж байсан. Эргээд барилдаж эхлэхэд хэсэг хугацаанд эвгүй байдаг юм билээ. Тэр үед “Бөхбилэгт” дэвжээний дэмжигч С.Гантулга ах маань сайн эмнэлэг, мөн барилдааны дутагдал, сайжруулах шаардлагатай байгаа зүйлсийг маань зөвлөж тусалсан. Энэ тэргүүтэй олон хүний тусламж, дэмжлэгтэйгээр илүү их амжилт гаргахын төлөө хичээж байна.
-Цол хүртэнэ гэдэг залуу бөхөд хамгийн сайхан мөч байх. Заан цол хүртсэн тэр торгон мөчөө эргэн дурсвал?
-2018 онд аймгийн заан Б.Баатарсүрэн ахтайгаа Дундговь аймгийг зорьж сумын заан цолоо хүртэж байлаа. Үзүүр түрүүнд Б.Баатарсүрэн ахтайгаа үлдэж, ах маань нутгийн дүүгээ дэмжинэ гээд тахимаа өгч байсан. Анхны цолоо хүртээд үнэхээр сайхан байсан. Ижий аав маань бас их баярласан. Түүнээс хойш улам их амжилт гаргаж, гэр бүлийнхнийгээ баярлуулахын тулд хичээж байгаа.
Дэвжээний ах нар эсвэл дүү нартай үнэн хүчийг үзэх барилдахаар наадам зорих сайхан байдаг. Учраа таарсан бөхийнхөө барилдааныг мэдэхгүй байвал ах нар маань зөвлөнө. Барилдааны тактик боловсруулахад тусална. Би ч мөн дүү нартаа өөрийн сурсан мэдсэн зүйлсээс хуваалцдаг.
-Цолоо дуудуулахад хийморийн сан уншуулсантай адил хийморь сэргэдэг гэж бөхчүүд ярьдаг. Хамгийн анх цолоо дуудуулахад ямар санагдаж байсан бэ?
-Би дан түрүүтэй болохоор цолоо олон дуудуулж байгаагүй. Сумын заан цол хүртсэнийхээ дараа сумынхаа наадам дээр анх цолоо дуудуулж байлаа. Ер нь цог хийморь сэргээд, бэргээ арилаад сайхан болчихдог. Уран дэвээд туг тойрч байгаа бөхчүүдээ хараад уухайлан шуугьж байгаа үзэгч түмнээ хараад улам огшдог.
Мөн нутгийнхаа уул уусанд залбираад шүтээд явдаг. Өглөө барилдаанд явахынхаа өмнө бурхан тахилдаа мөргөөд арц хүжээрээ ариулна. Сэтгэл санаа тиймхэн үед нутгийнхаа уул овоонд гараад алсыг ширтээд суухад сайхан болчихдог.
-Бөх болгонд баараггүй хийдэг дархан мэх гэж байдаг болов уу. Харин таных юу вэ?
-Хөл авах мэхийг аав маань анх зааж өгч байсан юм. Түүнийгээ багш нараараа улам лавшруулан заалгаж, одоогоор хамгийн сайн хийдэг мэх маань болсон.
Би ахлах сургуульд байхдаа хоёр жил жүдогоор, оюутан болоод хэдэн сар чөлөөт бөхөөр хичээллэсэн юм. Хүмүүс мэхийг маань хараад чи чөлөөтөөр сууриа тавьсан байхаа гэдэг.
Би бяртай хүний барьцад орохгүй алсаас барилдахыг боддог. Харин угсраа олон мэхтэй хүнтэй барилдах амаргүй санагддаг.
Өмнө жил Архангай аймгийнхаа тавын даваан тактикийн алдаа гаргаад унасан. Тэр бүрд аав маань цуг явж, зааж зөвлөөд явдаг. Харин ээж маань “Хүүгээ барилдахаар уначих вий гэж эмээгээд үзэж чаддаггүй” гэсэн. Тиймээс гэрээсээ цайныхаа дээжийг өргөөд хүлээгээд сууж байдаг.
-Монголчууд мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал хэмээн үндэсний хувцсаа дээдэлдэг. Түүнчлэн шинэ дээл, малгай аз хийморь дагуулна гэлцдэг. Энэ дээдлэх, бэлгэшээх ёсыг бөхчүүд бүүр илүүтэй хадгалж яваа юм шиг санагддаг?
-Монгол хүн болохоор дээл, малгай, бүсээ их дээдэлдэг. Барилдахын өмнө дээлийнхээ захыг сайн мушгиад хамт яваа хүндээ атгуулдаг. Ганцаараа яваа үедээ унахааргүй найдвартай газар тавиад гардаг. Хэрэв малгай, дээл уначих юм бол сэтгэлд таагүй санагдаад хэцүү.
Анх долоодугаар ангид байхад аав ээж хоёр маань зодог шуудаг, малгай, монгол гутал авч өгч байлаа. Зодог шуудаг өмсөж сураагүй болохоор барьц авч мэдэхгүй барилддаг байжээ. Харин сүүлд Булган аймгийн Сайхан сумын харьяат Нямдорж гээд ах дээр аймгийн начин Бат-Эрдэнэ найзыгаа дагаж очиж, зодог шуудаг урлуулж байлаа. Биеийнхээ хэмжээг өгөөд өөрт тохирсон зодог шуудаг хийлгэдэг. Би барилдааны үед биед эвтэйхэн, дассан зодгоо өмсдөг. Харин өнгөний хувьд цэнхэр шуудаг, улаан, улаан хүрэн зодог ээлтэй гэж сонгож хийлгэдэг.
Наадам бүрийн өмнө ээжийнхээ урласан шинэ дээлийг өмсөж гангардаг. Ээж маань барилдахад хамт явахгүй ч урласан дээлэндээ хүүгээ сайн барилдаасай гэсэн сэтгэлээ шингээдэг тул үргэлж дэргэд байгаа мэт сайхан байдаг. Энэ дээлийн торгыг эмээ маань хүүдээ дээл хийгээрээ гэж өгөөд ээж минь урласан. Би их бэлгэшээж нандигнадаг юм.
-Үндэсний бөхийн энэ спортыг амьдралынхаа нэг хэсэг болгосон хүний хувьд алс хэтийн зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Ойрын зорилго гэвэл аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан цол хүртэхийг зорьж байна. Цаашлаад улсын цолонд хүрэн нутгийнхаа ах нарын үргэлжлэл болж, хүрээгүй цолонд хүрнэ гэж боддог. Тиймдээ ч бэлтгэл сургуулилалтаа нягт нямбай сайн хийхийг зорьж байна. Хүнд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг. Ижий аавынхаа өгсөн “Мандахбаяр” гэх нэрийн утга учрыг гаргаж манлайлж явахыг хичээх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.