🔴LIVE: Ерөнхий сайд Г.Занданшатар: 2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн
Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн ажлуудаа Ерөнхий сайд Г.Занданшатар болон сайд нар танилцуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Эдийн засгийн өсөлт 2.4 хувийн бууралттай байсан бол харин одоо 5.6 болж өслөө. Монгол Улсын зээлжих зэрэглэл хэвээр үлдлээ. 2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн. Гадаад томилолтоос эхлээд, төсвийн маш олон зарлагыг танасан. Төрийн албан хаагчдын тоог багасгаж, дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум төгрөг, нэг удаагийн тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум төгрөг, хэрэгжээгүй болон үр ашиггүй төслүүдийг зогсоосноор 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Мөн дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгасан. Ингэж бид төсвийн шинэ жишгийг тогтоолоо.
Энийг төсвийн шинэчлэлийн бодлого болгож, ард түмэнтэйгээ ярилцаж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн компаниудын шинэчлэлийг эхлүүлсэн. Жишээ нь, Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож, булхай, өрүүдийг илрүүлж, үр ашиггүй зардлуудыг танаж, дарамт шахааг зогсоосон. Үр дүнд нь ашиг гурван дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1.6 дахин өсөж, зогсчихоод байсан биржийн арилжаа сэргэж, үнэ 13-17 хувиар нэмэгдсэн.
Эдийн засгийн хямрал зогсож, сэргэлт бий боллоо. Экспортын орлого 3.8 тэрбум ам.доллароор өсөж, эхний 5-6 сард 5.4 тэрбум байсан бол 9.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүний үр дүнд валютын тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж, бараг 1 тэрбумаар нэмэгдлээ. Валютын ханшийг интервенц хийхгүйгээр тогтвортой барьж чадсан. Инфляц тогтворжсон. 7-р сард төсөв 541 тэрбумын алдагдалтай байсан бол наймдугаар сард 52 тэрбумын ашигтай гарсан. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.