🔴Г.Эрдэнэтуяа: Ноолуур, нүүрснээс гадна газрын ховор элемент олборлож, эдийн засгаа солонгоруулах нь чухал байна

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.09.23/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд эхлээд байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

-Лиценз олгогдох нь үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгч байна л гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 2 мянга гаруй хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бий. Тухайн төсөл хөрөнгө оруулалтаа оруулж ирээд үйл ажиллагаа явуулах эрх нь хуулиараа байгаа. Өнөөдрийн сонсголоор олон талын ойлголтын зөрүүтэй явдал байхыг үгүйсгэхгүй. Бүх талын оролцогчид оролцож байгаа учир үр дүнтэй хэлэлцүүлэг болоосой гэж хүсэж байна. Мөн компаниудад хууль ёсоор олгогдсон эрхийг хүндэтгэн гэж найдаж байна.

Манай улсын эдийн засаг нүүрсний зах зээлээс хамааралтай. Нүүрсний үнэ унахад эдийн засгийн хувьд хүндрэлтэй тулгардаг. Нүүрс экспортын түүхий эдийн 90 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс газрын ховор элемент, уран, зэс, алт гэх мэт түүхий эдийг солонгоруулж, цаашдаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь чухал гэж үзэж байна.

Стратегийн орд гэдэг ойлголт олон улсад байдаггүй. Энэ ойлголт манайд л байгаад байдаг. Олон улсад стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэгддэг. Тухайн үйлдвэрлэгч улс, эдийн засгийн эргэлтэд ороход хамгийн өндөр өртөгтэй, олборлоод экспортлох боломжтой бүтээгдэхүүн дээр стратегийн чухал ач холбогдолтой гэж зарладаг. Ингээд бодлогоор дэмжих асуудал яригддаг. Улсад эдийн засгийн чухал ач холбогдолтой тул бодлогоор дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаардаг. Гэтэл манайд эсрэгээрээ яваад байна. Тиймээс энэ ойлголтыг хууль эрх зүйн орчны шинэчлэл өөрчлөлтийн хүрээнд засах ёстой. Ингэснээр уул уурхайн салбарын тогтвортой байдал цаашдын хөгжлийн асуудлыг ярих боломжтой болно гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.