“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Захиргаанаас “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 20, 21-нд Blue Sky зочид буудлын гуравдугаар давхарт зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн арга хэмжээнд Сөүл хотын тэргүүлэх 16 их, дээд сургууль, Технологийн тэтгэлгийн сан, Глобал центр зэрэг нийт 18 байгууллагын төлөөлөл оролцон, эрдэм шинжилгээний хөтөлбөр, сургуулийн элсэлт, тэтгэлэг, визийн талаар мэдээлэл өгч буй. Мөн гадаад оюутнуудад Сөүл хотод суралцаж, амьдрахад шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа юм.
Үзэсгэлэн арга хэмжээний талаар БНСУ-ын Сөүл хотын Захиргааны Гадаад харилцаа, хотын хөгжлийн бодлогын газрын ерөнхий захирал Ким Су Деок “Сөүл хотод 54 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн олон орны оюутан, залуучууд манай хотын их, дээд сургуулийг сонгон суралцахаар ирдэгт сэтгэгдэл өндөр байдаг. Түүний дотроос монгол оюутнууд оюуны чадамж өндөртэйгөөс гадна хичээл зүтгэлтэй суралцдаг тул уг арга хэмжээг зохион байгуулахаар болсон” гэв.
Ташрамд, уг боловсролын үзэсгэлэн арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар “HiKorea - Боловсрол зуучлалын агентлаг” оролцон, сургууль тус бүрд орчуулагч гаргаж өгснөөр зөвлөгөө, мэдээллийг хэлний бэрхшээлгүйгээр авах боломжийг бүрдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.