ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан БНСУ-тай барилгын салбарын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудлаар уулзалт хийв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан БНСУ-ын Гёнсаннам мужийн амбан захирагч Парк Ван Су, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, барилгын салбарын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн Засгийн газраас Орон сууцны банк байгуулахтай холбогдуулан БНСУ-ын талтай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд Чой Жин Вонын зүгээс Монгол Улсын Засгийн газраас Орон сууцны банк байгуулах асуудлаар хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтаар БНСУ-ын нисдэг тэрэг, вагон, лифт зэрэг томоохон аж үйлдвэрлэлүүд Гёнсаннам мужид үйл ажиллагаа явуулдаг болох талаар мэдээлж, Монгол Улсад энэ чиглэлийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжуудын талаар ярилцав. Эхний ээлжид Монгол Улсад лифтний тоноглол, сэлбэг үйлдвэрлэл явуулах боломжийг судлах зорилго бүхий хөгжлийн албан ёсны тусламжийн төслийг хэрэгжүүлэх асуудлыг эрэлхийлэхээр харилцан тохиров.
Мөн БНСУ-ын талаас Монгол Улсын барилгын салбарт нисдэг тэрэг ашиглах боломжтой талаар танилцуулав.
Гёнсаннам мужийн амбан захирагч Парк Ван Су, БНСУ-д жил бүр тохиодог “МАМФ” арга хэмжээнд оролцох, мөн энэ үеэр тус мужид барилгын салбар болон бусад салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж үйлдвэрлэлтэй танилцахыг урив.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.