УИХ-ын гишүүн Х.Жангабыл: Баян-Өлгийн Боловсролын газрын дарга "ХҮН намд элс, үгүй бол хална" гэж багш нарыг дарамталж байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл:
-Баян-Өлгий аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг хоёр жил дараалан хаслаа. Төвийн бүсээс алслагдсан, хүн хам хамгийн олон аймаг шүү дээ. Тодорхой тайлбар авмаар байна, үүнээс болж 150 гаруй албан хаагчийг цомхотгомоор байна. Хоёрдугаарт, хүний хөгжил бол хамгийн том мега төсөл гэчихээд Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт нэг ч төгрөг нэмж тавигдаагүй байна. Мөн шаардлага хангаагүй ХҮН намын нэг нөхрийг Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаар томилсон. Тус этгээд нь цэцэрлэг, сургуулийн эрхлэгч нарт "ХҮН намын гишүүнчлэл авахгүй бол ажлаас чөлөөлнө” гэж дарамталдаг. П.Наранбаяр сайд аа, та ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт бүгд жигд хасагдсан, энд Х.Жангабыл гишүүн буруугүй шүү. Нүүрсний орлого буурсан учраас АМНАТ-ын орлогыг орон нутагт жигд хуваахаар дахиад л буурч хуваарилагдсан. Өөр аргагүй. Төрийн албаны тоог 9 хувиар бууруулна гэж бид төлөвлөн баталсан. Үүнийг хэрэгжүүлээд явж байна. Үүн дээр улстөржсөн өнгө аяс гаргаж байгаа юм билээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас ч бичиг ирсэн. Тэр цомхотголд орох хүмүүст улстөржсөн маягаар хандаж байгаа бол буруу.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Баян-Өлгий аймагт дөрвөн цэцэрлэг, сургуулийн төсөл хэрэгжихээр байгаа. Иймд шинээр хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалт байхгүй мэтээр ярьж болохгүй ээ. Боловсролын газрын даргын томилгооны тухайд, бидэнд ирүүлсэн ТАЗ-ийн шаардлагаар түүнийг чөлөөлсөн. Дараа нь түр томилгооны хүрээнд томилох шаардлагатай болсон. Тэгээд ахиад томилсон. Сургууль, цэцэрлэг дээр улстөржсөн асуудал гаргахыг би зөвшөөрөхгүй. Ирсэн мэдээллээр мөнгө төгрөг өгчих гэсэн байдлаар албан тушаал зардаг байдал тэнд нэлээд ужгирсан нь үнэн шүү. Үүн дээр бид шинэчлэлийг хийх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.