УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсөвт боловсролын салбарт зарцуулах санхүүжилт өмнөх оныхоос нэмэгдээгүй нь харамсалтай

2025 оны намрын чуулган нээлтээ хийлээ. Дэг ёсоор парламент эхлээд ирэх оныхоо төсвийг хэлэлцэн батална. Энэ жилээс эхлэн төсвийн төслийг таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол одоо хуульд илүү тодорхой тусгасан заалт мөрдөнө гэж спикер онцолсон.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн оролцоог хангаж E-Mongolia систем ашигласан нь анх удаа төсвөө иргэдээс асууж боловсрууллаа хэмээн Засгийн газрын тэргүүн хэдэнтээ зарласан билээ. Санал асуулгаар иргэд 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд, боловсролын салбар гэж үзжээ. Харамсалтай нь өргөн мэдүүлсэн төсөвт нь боловсролын салбарт зарцуулах санхүүжилт өмнөх оныхоос нэмэгдээгүй орж иржээ. Гунигтайяа...
Ингэж л төсөв боловсруулсан нөхдүүдийн хэлсэн үг хийсэн үйлдэл нь алд дэлмээр зөрдөг юм. Өнгөлөн далдлалт гэж үүнийг хэлж байгаа юм. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэн тэргүүнд шийднэ гэж хийрхэх ч начир дээрээ энэ салбартаа хойд эцгийн гар харуулж болохгүй ээ ЕРӨНХИЙ САЙД АА
Тэгвэл боловсролын салбарт бодит байдал ямар байгаа вэ?
Нэг ангид 70 хүүхэд сурч буйг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй гэж спикер онцлоод авна лээ. Түүний хэлснээр нээрээ л бид багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс ирээдүйд юу хүлээх вэ дээ.
Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо ердөө 24.9 хувь л нэмэгдсэн судалгааг танилцуулсан. 2022 онд шинэ багш нарын 12.7 хувь нь ажлаа орхин өөр салбарт оржээ. Өнөөдөр төрийн өмчит сургууль, цэцэрлэгт 5 мянга гаруй багшийн дутагдал үүссэн байна. Энэ тоо ойрын гурван жилд өсөж сургуульд 14 мянгад хүрэх эрсдэл ч байгаа юм. Тиймээс наанадаж багшийн цалин урамшууллыг уян хатан болгож, ажлын ачааллыг шударгаар үнэлэх, орчин нөхцөлийг шинэчлэх, ил тод, шударга үнэлгээний тогтолцоо бий болгох шаардлагатайг УИХ-ын дарга онцолсон. Нийт хүүхдүүдийн талаас илүү хувь нь 1800-аас дээш сурагчтай, даац хэтэрсэн сургуульд сурч байна. Улсын хэмжээнд 124 сургууль хэт өндөр ачаалалтай байгаа энэ үед сургалтын чанарын асуудлыг бид хэнээс нэхэх вэ.
Асуудлыг ирэх гурван жилдээ үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй юм байна. Боловсролын салбарт нөхцөл байдал ийм дээрээ тулчхаад байхад л 2026 оны төсвөө боловсруулахдаа энэ Засгийн газар өмнөх оныхоос нэмээгүй байгаа нь нэг ангид сурагчид 60, 70-аараа суух нөхцөл байдал ойрын жилүүдэд арилахгүй нээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.