ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамын санаачилгаар Ивэн голын боомтыг сэргээлээ

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамын санаачилгаар Ивэн голын боомтыг сэргээлээ

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2020 онд Сэлэнгэ аймгаас анх удаа УИХ-д сонгогдох үедээ Сант сумын Ивэн голын боомтыг сэргээж, сэтэрсэн даланг засварлан улсын төсөвт суулгах амлалт өгсөн билээ. Энэ амлалтаа биелүүлж, 2022 онд улсын төсөвт тусгаж, гурван жилийн хугацаанд ажлыг гүйцэтгэсний үр дүнд олон жил орон нутгийн иргэдийн хүсэн хүлээсэн бүтээн байгуулалт бодит ажил болон хэрэгжлээ.

7232b29dfc544506bde432bc5ff3a269

Сэлэнгэ аймгийн Сант суманд байрлах Баян-Уулын үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлаж, улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ивэн голын боомтыг шинэчлэн “Хөв цөөрөм”-ийг байгуулах ажлыг “MWT” ХХК мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.
Тус хөв цөөрмийг анх 1952 онд байгуулсан боловч 1960-аад онд далан нь сэтэрч ашиглагдахаа больсон байсан. Өмнө нь 2000-аад оны дунд үед улсын төсвийн 114 сая төгрөгийн хөрөнгөөр сэргээн засварласан ч тухайн ондоо дахин урсаж, ашиглалтаа алдсан байдаг. Харин энэ удаа “MWT” ХХК-ийн мэргэжлийн өндөр түвшний гүйцэтгэл нь ажлын чанар, бат бөх байдлыг хангаж, орон нутгийн хөгжилд тогтвортой үр өгөөжөө өгөх нөхцөлийг бүрдүүллээ.
Уг бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Сант сумын Засаг дарга С.Шижирбат болон сумын удирдлагууд, гүйцэтгэгч компанийн инженерүүд, нутгийн иргэд оролцлоо.

Энэхүү хөв цөөрөм нь орон нутгийн хөгжилд чухал түлхэц болох бөгөөд аялал жуулчлал ялангуяа өвлийн аялал жуулчлал, загас үржүүлэг, загасчлал, мал аж ахуй болон төмс, хүнсний ногооны тариалангийн усны хэрэгцээг хангахаас гадна үерийн эрсдлээс хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Цаашид хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг хэмжээний цахилгаан станц ажиллуулах боломжтой болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.