Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь угаарын хий мэдрэгч суурилуулсан айл өрхүүдийн мэдээллийг дэлгэцэнд хянах бөгөөд бага, дунд, их, аюултай, онц аюултай гэсэн таван төрлийн дуудлагыг хүлээн авч байна. Операторууд дуудлага хүлээн авангуутаа тухайн өрхийн холбогдох гишүүд рүү залгадаг. Хэрэв холбогдож чадахгүй бол тухайн айлын хөрш рүү нь залгаж мэдээлэл хүргэдэг. Харин хөрштэй нь холбогдоогүй бол Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 500 гэрээт ажилтнаас хамгийн ойр байгаа нь тухайн цэгт очиж угаарын эрсдэлийн мэдээллийг хүргэж, урьдчилан сэргийлдэг. Нийслэлд нийт 82 мянган айлд угаарын хий мэдрэгч ажиллаж байна. Иргэддээ угаарын хий мэдрэгчээ салгалгүй, зааврын дагуу хэрэглэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалъя. Нийслэлд гал түлж байгаа нийт 176 мянган өрхийг энэхүү ухаалаг системд холбохоор ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.