🔴УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын гэрээ алдагдалтай гээд цуцлагдвал төр хариуцлага хүлээнэ

"Чайна энержитэй байгуулсан олон улсын гэрээг УИХ дахь бүлгүүд, УИХ дахь дарга нарын зөвлөл хэд хэдэн удаа хэлэлцсэн. Цэвэр бизнес гэвэл манай улсад маш ашигтай гэж хэлж чадахгүй ч геополитик талаасаа авч үзвэл боломжит ашигтай хувилбар. Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын гэрээ алдагдалтай гээд цуцлагдвал төр хариуцлага хүлээнэ" гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэв. 

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Чайна энержитэй байгуулсан олон улсын гэрээг УИХ дахь бүлгүүд, УИХ дахь дарга нарын зөвлөл хэд хэдэн удаа хэлэлцсэн. Цэвэр бизнес гэвэл манай улсад маш ашигтай гэж хэлж чадахгүй ч геополитик талаасаа авч үзвэл боломжит ашигтай хувилбар гэж үзэж болно. 10 тэрбум төгрөгийн боломжоо алдсан гээд шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ бид эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдал, бусад улстай хамтрахдаа хэлсэн амлалтдаа хүрдэг байх зэрэг маш олон талаас нь ярьсан. Үнэхээр буруу зүйл байгаа бол нөгөө талтайгаа ярилцаад харилцан бие биеийнхээ эрх ашгийн хүрээнд дахин асуудлыг оруулж ирэхэд асуудалгүй л гэж бодож байна.

Манай төр үеийн үед хэлсэн ярьснаасаа буцдаг. Бид л өөрсдийгөө магтаад байдаг болохоос гадныхан биднийг зальтай луйварчид л гэж дүгнэдэг. Ямар ч тооцоо судалгаагүй, нэмээд улс төр ороод ирдэг. Нам харгалзахгүй гадагшаа ханддаг, ярьдаг. 

Засгийн газрын 100 хоногийн тайлан удахгүй хүлээн авна. Түүнийг харж байгаад дүгнэлт өгье. Тоо өөрөө л ярьдаг шүү дээ. 

Ардын намын өмнөөс байр суурь илэрхийлэх дэмий байх. Ардын намын зовлон төрийн зовлон бүү болоосой гэж хүсэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.