🔴 О.Цогтгэрэл: Төмөр замын гэрээг авлигын асуудал гэж хардахаас илүү олон нийтэд хөнгөлөлтийн хувь хэмжээг нээлттэй болгох ёстой
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээг шүүмжилж мэдээлэл хийсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Тухайн үед Ардчилсан намын бүлгээр энэ асуудлыг хэлэлцээд, маш олон гишүүн дэмжсэн байр суурьтайгаар хандсан. Ардчилсан нам чөлөөт худалдааг дэмжих чиглэлээр хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай байх ёстой гэдэг байр сууринаас хандсан, цаашид ч хандана. Манай намын бодлогын үндсэн чиглэл. Олон жил зогссон энэ ажлыг манай нам дэмжсэн. Харин үнийн тоо энэ тэрийг ил тод болгох ёстой бол болгоорой. Хөнгөлөлтийг ямар хувиар бодов гэдэг дээр олон нийт эргэлзээгүй болох ёстой.
Манай улсын хил нөхцлийн үнэ дөрвөн биржийн дундаж үнээс 30 орчим хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж тухайн үед томъёолсон байсан. Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын гэрээг авлигын асуудал гэж хардахаас илүү олон нийтэд хөнгөлөлтийн хувь хэмжээг нээлттэй болгох ёстой гэж бодож байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.