ШЕЗ шударгаар ажиллаж чадаж байна уу

ШЕЗ шударгаар ажиллаж чадаж байна уу

Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) нь Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага гэж тодорхойлсон. Улмаар цөөхөн хүн ажиллаж байсан тус зөвлөлийг өргөтгөн 10 гишүүний бүрэлдэхүүнтэй болгоод тогтохгүй, орон тоог нь 109 болгоод нэмчихсэн. Гэвч Сахил хүртээд шал дордов” гэгчээр олон гишүүнтэй, олон ажилтантай болсон ч ажил нь сайжирсангүй. Зарим нь бүр шалдаа буучихаад байна. Өөрөөр хэлбэл, ШЕЗ хэмээх данхар бүтэц доор чадвар чадлаар дульхан, ажлыг арга барилаар ядмагхан нөхөд цугларсан нь зарим үйл ажиллагаанаас нь тод харагдана. Уг нь шүүх, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой талаар хуульчилсан.

Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 70.2.3-т ШЕЗ нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь шүүх, шүүгч рүү илтэд дайрсан мэдэгдэл хийж байхад тус зөвлөл ус балгасан аятай дуугүй байсан гэхэд хилсдэхгүй. Магадгүй улс төрийн, намын томилгоотой гишүүд ШЕЗ-д орж ирсэн учраас эздийнхээ” өөдөөс дуугарах зориг хүрээгүй байх.

Уг нь хэдхэн жилийн өмнө ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс гэж чадварлаг хамт олон бүрдэж, мэдээллээ шуурхай түгээдэг, дамжуулдаг байлаа. Гэтэл өнөөдөр энэ хэлтсийн үйл ажиллагаа шалдаа бууж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан олны анхаарал татсан, шууд дамжуулж буйгаас бусад шүүх хурлын мэдээллийг олж авах гэж зовдог” болсон. Хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг олон жил сурвалжилсан сэтгүүлч, сурвалжлагч мань мэт бол ямар нэг байдлаар мэдээллээ олж авч чаддаг. Харин хэвлэл мэдээллийн гал тогоонд шинээр орж ирж буй залуу сэтгүүлчид ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн өнөөгийн үйл ажиллагааны доголдлоос болж шантарч буй нь эргэлзээгүй. Өөрөөр хэлбэл, энэ хэлтсийг чадвар, чадамжаар мөхөсхөн хүн удирдах болсон, дээр нь ШЕЗ-ийнхөн нь энэ хэлтсийнхээ хуучин ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулсан нь үйл ажиллагаа нь унахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй.   

“Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэгчээр хэдхэн сарын дараа халаагаа өгөх гэж буй ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдэд тус зөвлөлийн нэр хүнд, ажиллагсдын өнөөгийн байдал төдийлөн хүртээлгүй болж буй биз. Гэхдээ ШЕЗ хэмээх хуульчилсан байгууллага ирээдүйд үйл ажиллагаа явуулж, хуульчдаас шилдгийг нь шалгаруулж шүүгчээр томилуулах ажлаа хийсээр байх нь ойлгомжтой.

ХУУЛЬЧДААС ШИЛДГИЙГ ТОДРУУЛДАГ ГЭДЭГ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

Шүүхийн тухай хуулийн 70.1-д Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн” гэж тодорхойлсон. Хуулийн энэ зүйл заалтыг хэрэгжүүлэхийн тулд шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчдийн мэдээллийг цахим хуудсандаа байршуулан иргэдийн саналыг авч, хууль хэрэглээнийх нь мэдлэгийг шалгаж, өндөр оноо авсныг нь шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Харин энэ сонгон шалгаруулалтын үе шат шударгаар явагддаг, эсэхэд олон хүн өдийг хүртэл эргэлзсээр байдаг юм. Эргэлзэх нь ч аргагүй. Шалгалтдаа тааруухан дүн үзүүлсэн, эсвэл ёс зүйн зөрчилтэй байж болзошгүй нөхөд өнөөдөр шүүгч болчихсон явж байгаа нь хуульчдаас шилдгийг олж тодруулах ажил хангалтгүй байдгийг илтгэнэ.

Шүүхийн Тамгын газрынхаа үйл ажиллагаанд оролцдог, ажилтан, албан хаагчдаа гөрддөг, төсвийн хөрөнгөөр хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниас эд зүйл авахуулдаг, илтэд нэг талд үйлчилсэн шийдвэр гаргадаг гэх мэтээр шүүгч нарын ёс зүйгүй үйлдэл гаргасан асуудлыг Сахилгын хороо нь ч хэлэлцдэг, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ч шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдол цөөнгүй. Хэргийн нэг талын оролцогчийн машинд сууж явсан шүүгч ёс зүйгээ зөрчсөн энэ үйлдлээ хаацайлахын тулд шүүхийн Тамгын газрынхнаа буруутгасан тохиолдол ч дуулдах болсон. Энэ мэт ёс зүйгээ зөрчсөн үйлдлийг мэдээж Сахилгын хороо анхааралдаа авч, шийдвэрлэн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

Тэгвэл тангараг өргөсөн шүүгч хүн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хүүхэдтэй болчихсон, улмаар тухайн эмэгтэйгээ зодож гэмтээсэн нь ч бий. Тодруулбал, өмнө нь өмгөөлөгч байсан, өдгөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдоод цөөхөн жилийн нүүр үзэж буй залууг цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Баянгол дүүргийн нутагт нэгэн эмэгтэйд гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн анх тус дүүргийн Цагдаагийн газарт шалгаж эхлээд удалгүй харьяаллын дагуу МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү гэмт хэрэг өдүүлсэн гэх. Цар талын үед шүүгч нар ёс зүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө цалин бууруулахаас эхлээд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын биед халдсан шүүгч өнөөдөр шүүн таслах ажлаа хийсээр байж болох уу.

Хамгийн гол нь ШЕЗ нь ийм хүмүүсээ сайтар судлалгүй, өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан эрх зүйч, хуульч хүн гээд л шүүгчээр томилуулж буй нь ажлаа хайнга хийдгийн илрэл гэлтэй. Бас эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн атлаа өнөөг хүртэл ажлаа хийгээд зогсохгүй, давж заалдах шатны шүүхийн шүүгч болохоор нэрээ хэд дахин дэвшүүлж байхад ШЕЗ нь буцаалгүй, сонгон шалгаруулалтад нэг бус удаа оруулсан нь ч хуульчдаас шилдгийг сонгох ажлаа олигтой хийхгүй байгааг илтгэнэ.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ӨӨРСӨД ШИГЭЭ ӨНДӨР ЦАЛИНТАЙ ГЭЖ БОДДОГ УУ

Шүүхийн Тамгын газрын ажилтнууд буюу нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, бичиг хүргэгч, архивч зэрэг хүмүүс нь захиргааны ажилтанд тооцогддог. Тэдэнд тавих болзол, шаардлага, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх ажлыг мөнөөх ШЕЗ-ийнхөн хийнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны ажилтнууд тухайн шүүхийнхээ Тамгын газарт харьяалагддаг ч удирдах дээд байгууллага нь ШЕЗ гэсэн үг.

Шүүгч, шүүхийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хүрээнд нэлээд олон жилийн өмнө Буянт-Ухаагийн дэнжид орон сууц барих газар олгосон аж. Уг газарт өдгөө Цэцэн апартмент” хэмээх хорооллыг М.Давааням захиралтай Алтайнбор нуруу” гэх компанийнхан барьж байна. Тус компанийг сонгон шалгаруулж, орон сууц бариулахад ШЕЗ-ийн ганц нэг гишүүний оролцоо нөлөө, лобби байсан хэмээн хардах хүмүүс ч бий. Тендерт оролцсон өөр нэг аж ахуйн нэгжийнхэн шүүхэд хандсан гэх мэдээллийг зарим эх сурвалж өгсөн. Хамгийн гол нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгохоор болсон гэдэг. Энэ байрнаас ШЕЗ-ийн зарим гишүүн орон сууц авахаар болж материалаа бүрдүүлж өгчээ. Тус зөвлөлийн 10 гишүүний тав нь хоёр ч орон сууцтай гэдгээ ХАСХОМ-тээ тусгасан байдаг. 1-2 хашаа, байшин, зуслан, үйлчилгээнй зориулалттай барилгатай гишүүн ч бий. Тэднээс нэр бүхий цөөн хүн нь орон сууцын квотоос татгалзсан бол цөөнгүй хүн тэнд байртай болохоор төлбөрөө төлж эхэлсэн гэх. ШЕЗ-ийн гишүүд, шүүгч нар бол захиргааны ажилтнуудаа бодвол нэн өндөр цалинтай гэхэд хилсдүүлсэн болохгүй. Гэтэл цаг наргүй их ажилтай шүүхийн захиргааны ажилтнуудаа хөнгөлөлттэй үнээр хамруулна хэмээсэн нь хулхин дээр нь цэцэг ургуулна гээч болжээ. Өөрөөр хэлбэл, сард 5-7 сая төгрөгийн төлбөр тэднээр төлүүлэхээр шахаж шаардаж эхэлсэн байна. Ар гэр нь боломжтой зарим нь хөл дүүжлэх унаанаас авахуулаад үнэд хүрэх зүйлсээ зарж борлуулан, энд тэндээс зээл аваад урьдчилгаа 70 хувийг нь төлж гүйцээх гэж чардайж буй аж. Арваннэгдүгээр сарын 20-дын дотор багтааж урьдчилгаа төлбөрөө төлж барагдуулах нөхцөлөөс нь болж энэ орон сууцад орох хүсэлтээ өгсөн олон хүн гэрээгээ цуцлах болжээ. Тэд Нэн хөнгөлөлттэй гэж буй ч гадуур зарж буй орон сууцтай ижил нөхцөлтэй шахам байна шүү дээ. Тэгээд ч бид сард 5-7 сая төгрөгийн төлбөр төлнө гэдэг нь ямар ч боломжгүй. Авч буй цалин маань сард хоёр сая ч хүрэхгүй шүү дээ. Ийм байхад яаж сард 5-7 саяыг төлөх вэ дээ. Тиймээс тэндээс орон сууц сонирхох хүсэлгүй болсон” хэмээсэн юм. Тэгвэл ШЕЗ-ийнхөн Зах зээлийн үнээс маш хямд, ам метр нь 2.3 сая төгрөгөөр шүүхийн захиргааны ажилтнуудад олгохоор тооцсон. Ашиглалтад орох хугацаа нь ойрхон болсон учраас сар бүрээр тооцохоор хүнд тусаж байж болзошгүй” хэмээж байна.

2020 оны хавар шав тавьсан ч ажил хэрэг болголгүй өчнөөн жилийг өнгөрөөчихөөд гэнэт бөөнд нь мөнгөө нэхэж, шүүхийн захиргааны ажилтнуудаа шахамдуулж байгаа нь амьдралаас тасарсан шийдвэр гэлтэй. ШЕЗ-ийнхөн үнэхээр шүүхийн захиргааны ажилтнуудаа боддог бол барилгын гүйцэтгэгч компанийнхантай хэлцэл, хэлэлцээр хийж, нөхцөл, шаардлагыг нь хөнгөрүүлэх талаар ярилцах боломж баймаар. Харамсалтай нь, нөгөө л буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гээч болж байгаа учраас, өөрсөд шигээ өндөр цалинтай гэж төсөөлдөг тул нэн хөнгөлөлттэй нөхцөл гээчийг нь эргэж харах хүсэлгүй бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.