“Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас “Парламентын залгамж халаа” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2025.09.12) зохион байгуулж байна.

Ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага буюу хууль тогтоох байгууллагын үндсэн зорилт нь ард түмний засаглах эрхийг хангахад чиглэдэг. Манай улсад 1990 оны долдугаар сард анх удаа олон намын оролцоотой, чөлөөт, ардчилсан сонгуулийг явуулснаар Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан түүхтэй. Тус хурлаас БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент бий болсон гэж үздэг. Монголын парламентын хөгжлийн түүх харьцангуй богино хэдий ч улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэхэд сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тухайн парламент тус бүр өөрийн өнгө төрх бүхий хувь нэмрийг оруулсаар ирсэн онцлогтой. Монголын парламентын 35 жилийн амжилт ололт, туршлага сургамж, заламж холбооны асуудлыг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ, “Хүн төвт” эрх зүйн бодлогын хүрээнд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээ илэрхийлж, үе үеийн парламентчдад ойн баярын мэндчилгээ илгээлээ.

Тэрбээр, цаашид парламентад нас насны иргэдийн болон нийгмийн өргөн хүрээний бүлгийн төлөөлөл бодитой бий болох зүгт илүү дэвшил гаргах шаардлагатай байна. Өдгөө парламентын гишүүд судлаач, төсвийн хяналт тавигч, олон улсын харилцаанд оролцогч, ёс зүйн манлайлагч байх чадавх чухал болжээ. Нэн ялангуяа зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдаж буй төсөв, санхүү, мөнгөний бодлого батлах, хяналт тавих бүрэн эрхийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд парламентын гишүүд нийтийн төсөв санхүүгийн мэдлэгтэй байх, санхүүгийн баримт бичиг уншиж дүгнэх чадвар эзэмших, түүнийгээ хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстой. Иргэд сонгогчдоо ойлгож мэдрэх, дуу хоолой нь болж ажиллах зохион байгуулалт, менежментийн чадвар чухал. Парламент нь нас, мэргэжил, туршлага өөр өөр хүмүүсээс бүрддэг учраас хууль тогтоох ажлыг чанартай, цаг үеийн хэрэгцээнд нийцүүлэн хийхийн тулд тэдний ур чадварыг хөгжүүлэх нь онцгой зүйл биш, харин байх ёстой энгийн үйл явц гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал гэсэн юм. Эрдэм шинжилгээний хурал эрдэм, судлаачид, ахмад парламентчдын илтгэлээр үргэлжилж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.