“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаас худалдаж авсан. Гэвч, “…Тэгэхдээ төрийн мөнгийг ашиглаж, ингэхдээ хууль бус үйлдлүүд олныг хийсэн” гээд тус 49 хувийг төрд шилжүүлэн авсан. Энэ нь 2019 хаврын явдал юм. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, сүүлдээ ТӨҮГ болсон. “…Төрд авлаа” гэснээс хойш хэсэг чимээгүй байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал саяхнаас дахин босоод ирэв.
“…Оросууд Эрдэнэтийг буцааж авч байгаа гэнэ. Сахал Эрдэнэбилэгт мөнгийг нь хүүтэй буцааж өгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар болж байгаа гэнэ. Учир нь, худалдан авсан тал өмчөө аваагүйгээс худалдсан тал нь үүргийнхээ дагуу гэрээг хүчинтэй бусад тооцуулжээ” гэсэн агуулгатай “зар” тарав. Мөн, үүнийг дагуулаад “…Дарангуйлал тогтоход эхний ээлжинд, олон жил зүтгэж байж улс үндэстнийхээ мэдэлд авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг Орост, бүр нарийндаа Оросын олигархуудад эргүүлэн өгөх буй за. Хоёрхон улсыг эс тооцвол, жижиг улсын дарангуйлагчид ямагт хөрш орныхоо төр, олигархуудад болон дотоодынхоо хүчний байгууллагын томчуулд үндэсний бизнесүүдийн хөрөнгийг хураан, булаан авч шилжүүлэн өгсөөр ирсэн түүхтэй. Манайд саяхан бас яг энэ явдал болох гэсэн дээ. Манай бизнесмэнүүд улс төр-эдийн засгийн боловсрол тун муутай, зарим нь бүр хувийн өмч, бизнесийг хамгаалдаг “чанга гар” хэрэгтэй мэт тэнэгтдэг. Ямар ч дарангуйлагч хувийн өмч, бизнесийг өөрийн хяналтанд авч, бизнесмэнийг албатаа болгох тэргүүн зорилготой юм шүү дээ” гэсэн мэдээ хөвөрч байна. Эх сурвалжийн мэдээллээр, эрх баригчид “…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ. Яг энэ асуудлыг өнөөдөр томоохон, чухал албан тушаал хашиж буй нэгэн эрхэм хариуцаад хөөцөлдөж байгаа юм байна. Мөн, ард нь асар өндөр дүнтэй шан, харамжийн асуудал ч байгаа тухай “бор шувуу” нисээд хэд хонов.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7667)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.