Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд Сингапурын туршлагыг судална

Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд Сингапурын туршлагыг судална

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид “Цогц чадамжтай прокурор ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй явуулах нь” уриан дор Сингапурт болж буй Олон улсын прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд оролцож байна.

Энэ үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонгтой уулзжээ. Уулзалтын эхэнд Сингапурын ерөнхий прокурор Люсиен Вонг Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн 10 дугаар чуулганыг энэ оны зургаадугаар сард Монгол Улсад амжилттай зохион байгуулж, бүс нутгийн төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцсэнийг онцлон тэмдэглээд манай талд баяр хүргэсэн юм. Улмаар талууд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, УЕПГ, Сингапур Улсын ерөнхий прокурорын танхимтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэ санамж бичгийн хүрээнд залилах, авлига, мөнгө угаах, кибер гэмт хэрэг, хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаах чиглэлээр сайн туршлагыг солилцох, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.