Гаалиар оруулах бараа, бүтээгдэхүүний хуучин журмыг халж, цахимжуулав

Тэргүүн шадар сайд Н.Учралын ахалж байгаа “Экспортыг нэмэгдүүлж, импортыг дэмжих” ажлын хэсгийн үр дүнд гаалийн хяналтын журмыг шинэчилж, цахимжууллаа. Гаалийн журмыг шинэчлэх хүрээнд 18,000 орчим иргэн ААН санал ирүүлж, эдгээр санал дээр үндэслэн нөхцөл байдлын үнэлгээ хийж журамд тусгав.
Шинэчилсэн журмаар гаалийн байцаагчийн хяналт шалгалт хийх алхам бүрд тодорхой хугацаа зааж өглөө. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл гаалийн бүсэд орж ирснээс хойш 1 цагийн дотор шалгалт хийж, гаалийн бүсээс гарах хүсэлтийг 1 цагт багтаан шийдвэрлэх, бараа бүрдүүлэлтээ 72 цагийн өмнө цахимаар хүргүүлж цаг хэмнэх боломжтой боллоо. Мөн иргэн ААН, гаалийн аль хэсэг дээр ачаа багаа хянагдаж байгааг өөрөө давхар хянах цахим систем нэвтэрч байна.
Хуучин журамд авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг 85 алхмаар хянадаг, улсын ахлах байцаагчаас хамаарсан 55 удаагийн үйлдэл байсныг шинэ журмаар өөрчилж, цахимжууллаа. Гаалийн хяналт цахимд шилжиж, зарим шаардлагагүй заалтыг хассанаар хүнээс буюу гаалийн байцаагчаас хамаарсан хүнд суртал багасаж байна. Энэ нь иргэдэд учрах хүнд суртлыг бууруулахаас гадна, гаалийн ажилтнууд хувийн мэдрэмжээрээ шийдвэр гаргаж чирэгдэл учруулдаг байдал арилна.
Шинэчилсэн журмын гол өөрчлөлтүүдийг танилцуулж байна.
1. Гаалийн мэдүүлгийг баталгаажуулах ажлыг цахимжуулж www.gaali.mn CAIS системд оруулав
2. Улсын байцаагчийг CAIS системээр дамжуулж автоматаар томилно.
3. Баримт бичгийн бүрдүүлэлтийг цахимаар илгээнэ
4. Рентген зургийг PDF файл болгон импортын ачааны манифестад хавсарган илгээдэг байсныг цуцалж цахим системд оруулав
5. Барааны дагалдах бичиг баримт болон Гаалийн тухай хуулийн 35.5-д заасан бичиг баримтыг гаалийн байгууллагад цаасаар хүлээлгэж өгөх журмыг халж цахимд оруулав
6. Авто замаар тээвэрлэн улсын хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллага хяналтын бүсэд оруулах үед жинлэж, жингийн мэдээлэл CAIS системд автоматаар бүртгэгддэг боллоо.
7. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага хооронд цахимаар /ачааны манифестаар/ 3 цагийн дотор хяналтад явуулна.
8. Эрсдэлийн программаар тодорхойлсон бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих төлөвийг өөрчлөх зохицуулалтыг хассан. Ингэснээр гаалийн хяналт тавих төлөвийг зөвхөн эрсдэлийн программаар тодорхойлно.
ГЕГ энэхүү шинэ журмын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг тогтмол мэдээллээр хангаж, мөрдөхөөр боллоо.
Зургийн цомог







×
1 / 7
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.