Бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2025 оны 8-р сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар усархаг бороо орох төлөвтэй байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан үерийн аюул нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхаарч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан бүх шатны Онцгой комисст шуурхай арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах үүрэг чиглэл өгчээ.

Нийслэлийн Онцгой комисс Шадар сайдын үүргийн дагуу шуурхай хуралдаан зохион байгуулж, нийслэл болон орон нутгийн Онцгой комиссууд, холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, аврах, хамгаалах, инженерийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой төлөвлөгөө, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн Шадар сайд С.Амарсайхан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаг агаарын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг уриалжээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр иргэд голын эрэг, гуу жалга, далан шуудууны орчим амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, тээврийн хэрэгслээр гол гатлахгүй байх нь нэн чухал байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.