А.Амартүвшин: 15500 хүүхэд ширээ сандалгүй хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна

А.Амартүвшин: 15500 хүүхэд ширээ сандалгүй хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна

Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар газар дээр нь ажиллав.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Боловсролын яамнаас сурагчийн ширээ сандлын асуудлыг шийдвэрлэсэн. Ийм асуудал огт байхгүй гэдэг мэдээллийг өгдөг. Гэсэн ч газар дээр нь байдал өөр байна. Хоёр долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа ч сандал ширээ эвдэрч муудсан байдалтай байна.

Боловсролын сайд П.Наранбаяр ажлаа огт хийхгүй байна. Сургууль цэцэрлэгүүдээр явж, нөхцөл байдалтай огт танилцахгүй байна. Тодруулбал, 2025 оны төсөвт сургуулийн ширээ сандал, цэцэрлэгийн тохижуулалтад 32 тэрбум төгрөг төсөвлөсөн. Найман сарын хугацаанд худалдан авах тендерээ зарлаагүйн улмаас хэмнэлтийн тухай хуулиар 11 тэрбум төгрөг буцаан татагдсан. Энэ мөнгөөр өнөөдрийн ийм байдалтай байгаа сургуулийн ширээ сандлыг шинэчлэх боломжтой байсан. Зарим ширээний тал нь огт байхгүй, эмтрээд унасан байдалтай байна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэл бага сургууль, цэцэрлэгийг нэмж ашиглалтад оруулсан. Эдгээрт зөөлөн эдлэл, сандал, ширээний асуудал яригдана. Нийслэлийн хэмжээнд  16 сургууль хүүхдүүдээ авахад бэлэн болж байна. Гэсэн ч сандал ширээний асуудлыг шийдвэрлээгүй байна. Нийтдээ 15500 хүүхэд сандал ширээгүй байхаар байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.