Улсын эдийн засаг доройтлоо, нүүрсний үнэ уналаа хэмээн төр засгаас “Алт-3” хөтөлбөрийг эрчимжүүлэхээр шийдсэн. Байгалийн баялгаа зүй зохистой, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, түүх соёлын дурсгалд сөрөг нөлөөгүй ашиглах ёстой атал зарим хүн хувийн эрх ашиг, албан тушаалдаа дулдуйдан газрын хэвлий рүүгээ дайрч байна.
Баянхонгор аймгийн Галуут сум бол олон жилийн өмнөөс алт ухагчдын хараанд өртсөн газар. Хэд хэдэн аж ахуйн нэгж тэнд алт ухаж эхлээд нутгийн иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч байсан нь ч бий. Алтны уурхайн эздийн арга нарийсаж, орон нутгийн ИТХ-д бие төлөөлөгчөө сонгуулан, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулж байж болзошгүй нь. Ийм явдал Галуутад өрнөж буй юм билээ.
Түүх, соёлын дурсгалтай газрыг тусгай хамгаалалтад авахыг сумын удирдлагад даалгажээ
Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг, Их дугуй (АМГТГ-аас тусгай зөвшөөрөл олгохдоо Их тойруу гэж нэрлэсэн) гэх газарт 518.4 га талбайг “Гацуурт” ХХК алтны уурхайн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус сумын Үнэгт буюу III багийн нутаг дахь уг талбайд уурхайн зориулалтаар ашиглах газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын ИТХ нь энэ оны тавдугаар сарын 28-нд 5/09 дугаартай тогтоолоор баталсан байна. Үүнийг нь мэдсэн нутгийн иргэд, малчид эсэргүүцэн сумын болон аймгийн ИТХ, Засаг дарга нарт шаардлага хүргүүлж, тэмцэж эхэлжээ. Багийн нийт иргэний олонх нь энэ оны зургаадугаар сарын 20-нд хуралдсан бөгөөд 172 өрхийг төлөөлсөн хүмүүс оролцсон байна. Тэр хурлаар Галуут сумын ИТХ-ын 2025 оны тавдугаар сарын 23-ны тогтоолыг хууль бус гэж үзэн цуцлуулах, цаашид Их дугуйд олгосон уул уурхайн зөвшөөрлийг цуцалсан байхад дахин зөвшөөрөл олгодог байдлыг халж, газар нутгаа тусгай хамгаалалтад авах, уул уурхайн ашиглалтын зөвшөөрлийг иргэдийн санал хүсэлт, судалгаа баримтад үндэслэн холбогдох байгууллагуудад хандан цуцлуулах талаар хэлэлцжээ.
Энэ үеэр Галуут сумын Соёлын төвийн албан тушаалтан “Их дугуй гэдэг газрыг улсын бүртгэлд Их тойруу гэсэн нэрээр оруулсан байдаг. Энэ газарт 2022 онд археологийн судалгаа хийсэн. Улмаар тэнд Хүрэл зэвсгийн үе, Их Монгол Улсад хамаарах үл хөдлөх 14 дурсгал байгааг тогтоосон. Түүнийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах ёстой гэсэн дүгнэлт гаргасанд үндэслэн аймгийн Соёл, урлагийн газраас мэргэжилтнүүд ирж, судалгаа, шинжилгээ хийгээд 2025 оны тавдугаар сарын 7-нд анхан шатны бүртгэлд оруулж Соёлын үл хөдлөх дурсгал гэсэн ангилалд хамруулан тусгай хамгаалалтад авсан байдаг. Хэрэв энд уул уурхайн үйл ажиллагаа явуулбал Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчинө” гэсэн байна. Уг хуулийн 38.1.1 дэх хэсэгт соёлын өвд хохирол учруулж болзошгүй түүх, соёлын дурсгалт газар, түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг хориглоно гэсэн заалт бий.
Орон нутгийнхны мэдээлж буйгаар энэ оны тавдугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газраас Галуут сумын удирдлагад Их дугуй гэх газраас олдсон үл хөдлөх 14 дурсгалыг бүртгэл мэдээллийн сандаа бүртгэхийг даалгасан албан бичиг хүргүүлсэн аж.
Энд дурдагдсан түүх, соёлын үл хөдлөх 14 дурсгалын талаар "Өнөөдөр" сонин 2025 оны хоёрдугаар сарын 11-ний дугаартаа “Гацуурт”-ынхан булш, хиргисүүр олноор илэрсэн талбайгаа ухахын тулд шинжээчдийг шалгуулах болов” гэсэн нийтлэлээрээ уншигчдадаа хүргэж байсан. “Гацуурт” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Археологийн судалгааны ангийн эрдэмтэд хайгуул, судалгаа хийгээд тахилын байгууламж, дөрвөлжин булш, Их Монгол Улсын үеийн эвдэгдэж тоногдоогүй булшнууд, хүрлийн үеийн зарим нь тоногдсон, цөөнгүй нь бүтнээрээ хиргисүүр илрүүлсэн билээ. Улмаар эрдэмтэн судлаачид хайгуул, судалгааны ажлынхаа дүгнэлт хэсэгт “Иймээс уг компани цаашдаа ашигт малтмал ашиглалтын талбайдаа олборлолтын үйл ажиллагаа явуулахын өмнө түүх, археологийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, тухайн дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгааны ажил хийлгэх шаардлагатай байна. Хэрэв тухайн компани хуулийн зүйл заалтуудыг үл тоомсорлон аж ахуйн үйл ажиллагаа явуулсан, дурсгалуудыг эвдэж сүйтгэсэн тохиолдолд Монгол Улсын зохих хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг мэдэгдэж байна” хэмээсэн байдаг. Гэтэл “Гацуурт”-ынхан тухайн эрдэмтдийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргасан юм даг. Улмаар саяхан уг гомдлын дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ.
Ерөнхий сайд Г.Занданшатарын цуцлуулсан лицензийг сэргээснийг нутгийнхан нь эсэргүүцэж байна
Үнэгт багийн Иргэдийн нийтийн хурлын үеэр иргэдийн олонх нь алт олборлох үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, “Уул уурхайн компани олборлолт эхлүүлснээр нэн ховор амьтан болох цоохор ирвэс, шилүүс, суусар, мануул, аргаль, янгир, могой, дорго, нохой зээх, саарал чоно, говийн бор чоно устаж үгүй болох эрсдэл өндөр. Энэ нутагт өвөл зунгүй дөрвөн улирлын турш ундарч байдаг хэд хэдэн харз, булаг бий. Уул уурхайн үйл ажиллагаа эхэлснээр харз, булаг, шанд ширгэх аюул тулгарна. Ундаалдаг амьтад үгүй болно” хэмээж байжээ. Ингээд оролцогчдын 100 хувийн саналаар уг газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж буй компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, газар нутгаа хамгаалалтад авах талаар сумын удирдлагадаа хүсэлт, шаардлага хүргүүлэхээр болжээ.
Галуут сумын Засаг дарга Л.Батсайханд хандан гаргасан уг шаардлагад “Галуут сумын иргэд 2017 оноос хойш өнөөг хүртэл найман жилийн хугацаанд Их дугуй гэх газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэн тэмцэж ирсэн бөгөөд тус лицензийг УИХ-ын дарга асан, өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар, гишүүн асан Б.Элдэв-Очир нар хоёр ч удаа цуцлуулж байв. Гэвч сэргээж үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь малчид, нутгийн иргэд дахин эсэргүүцэх шаардлага тулгарч байна. 2025 оны тавдугаар сарын 23-нд сумын ИТХ-аас “Гацуурт” ХХК-ийн хүсэлтээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Их дугуйд кэмп байгуулах 344.04 гектар талбай олгохоор баталжээ. Уг тогтоолыг Галуут сумын Үнэгтийн III багийн иргэд бид хууль бус хэмээн үзэж цуцлуулахыг шаардаж байна. Тухайлбал, уг тогтоол нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний, Газрын, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Уул уурхайн ашиглалтын талбайд археологи, палеонтологи, угсаатны зүйн судалгааны мэргэжлийн дүгнэлт бүрэн гараагүй, Соёлын яам, аймгийн Соёл, урлагийн газраас тогтоосон 14 төрлийн соёлын өв бүртгэгдсэн байхад харгалзан үзэхгүйгээр уг тогтоолыг баталсан. Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ-ын төлөөлөгчид нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу санал хүсэлт, сонсгол аваагүй, иргэдийн оршин суугаа газраа хамгаалах эрхийг ноцтой зөрчин “Газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөө” гэх тогтоолыг баталсан байна. Иймд Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ-ын төлөөлөгчдийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай гэх үндэслэлээр хууль хяналтын холбогдох байгууллагад шалгуулан олон нийтэд мэдээлж, “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын лиценз авсан цагаас хойших холбогдох бүх бичиг баримтыг хуулийн хугацаанд ил болгох, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэн уг тогтоолыг цуцлах хүртэлх арга хэмжээ авахыг шаардаж байна” хэмээсэн байв.
Галуут сумын Үнэгт III багийн нутаг Их дугуй дахь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэдэн жилийн өмнө дуулиан шуугиантай цуцалсан ч өдгөө АМГТГ-аас 22419А, 22693А гэсэн хоёр лиценз болгон хуваачихаад буйн цаана ямар ашиг сонирхлын зөрчил ундарч байгаа бол хэмээн орон нутгийн иргэд нь хардаж сууна.
ИТХ-ын төлөөлөгч нь хөөцөлдөж байгаад нэмэлт төлөвлөгөөнд тусгуулсан гэв үү
Галуутынхны өгүүлж буйгаар “Газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөө” гэх тогтоолыг батлуулахад гол нөлөө үзүүлсэн хүн нь Б.Анхбаяр хэмээх сумын ИТХ-ын төлөөлөгч гэнэ.
Баянхонгор аймагт өнгөрсөн зургаадугаар сард тус аймгийн хэмжээнд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, олборлолтын ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүнг хэлэлцсэн ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Энэ үеэр “Үнэгт III багийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж буйг бид яагаад ч дэмжихгүй. Гэтэл манай сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр гэдэг залуу “Гацуурт” ХХК-ийн нэр дээр 2025 оны тавдугаар сарын 23-нд барилга байгууламж буюу кэмпийг нь барих зөвшөөрөл олгуулсан. Уг зөвшөөрлийг сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжсэн байдаг. Төлөөлөгч Б.Анхбаяр хэлэхдээ “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбатаас уурхайг нь худалдаж авсан. Төрсөн нутагтаа гадны хүн шиг хандахгүй. Нэг жил л үйл ажиллагаа явуулна. Нөхөн сэргээлтийг яаж хийдгийг харуулна. Одоо аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан л гэрээнд гарын үсэг зурчихвал үйл ажиллагаа явуулах боломж бүрдчихсэн” гэж хэлсэн. “Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр “Гацуурт” ХХК-ийн уурхайг ашиглах гэрээ байгуулахын тулд тантай уулзах гэж бичиг баримтаа авч орсон уу. Та гарын үсэг зурсан уу” хэмээн тус сумын төлөөлөл болсон нэгэн эмэгтэй аймгийн Засаг даргаасаа асуусан юм. Засаг дарга нь “Энэ талаар ямар ч бичиг баримтад гарын үсэг зураагүй. Ийм бичиг баримт орж ирээгүй” хэмээсэн. Б.Анхбаяр нь Баянхонгор аймгийн Морин спорт, уяачдын, Волейболын, Галуут сумын залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалд ажилладаг нэгэн аж. Тэрбээр дээр дурдсан сонсголын үеэр “14 соёлын өв бүртгэгдсэн” хэмээн мэдээлсэн төрийн албан хаагчийг “Иргэдийг турхирлаа” хэмээн дарамталсан хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн нь ч бий.
Хэрэв Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч нь өөрөө хөөцөлдөж байгаад худалдаж авсан гэх уурхайдаа газар олгуулах тогтоол шийдвэр гаргуулсан нь үнэн бол ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Үүнийг Баянхонгор аймаг хариуцан тэнд суугаа АТГ-ын төлөөлөгч, хууль хяналтын байгууллагынхан нь яагаад анхаарлаасаа гадуур өнгөрөөж байна вэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.