АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж төслийг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзалт хийлээ.
Төслийн явцын талаар сайд Г.Дамдинням БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Атул Малхари Готсурветэй санал солилцож, газар дээр нь явцтай нь танилцав. Мөн уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара оролцлоо.
Сайд Г.Дамдинням энэ үеэр "Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон дэмжиж, хэрэгжилтэд нь байнгын анхаарал хандуулан ажиллаж байна.
-Уг үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний өссөн дүнгээр тооцоход 53 хувь, ердийн хэрэглээгээр тооцоход 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой.
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд төслийн явцыг 14 хоног тутамд хянан, шаардлагатай мэдээллийг авч, байнгын анхааралтайгаар ажиллаж байна.
-Мөн УИХ болон Засгийн газрын түвшинд төслийн хэрэгжилтийг дэмжих бодлогын бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр 100 хувь гадаад зах зээлээс хамааралтай байна. Энэхүү хараат байдлыг бууруулж, эдийн засгийн дархлааг бэхжүүлэх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол зорилго. 2024 онд бид 1.8 тэрбум ам долларыг зөвхөн шатахуунд зарцуулсан тооцоо байна. Энэ валютын урсгалын 50 хувийг бид дотооддоо барьж чадвал, өөр зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэж тэр хэмжээгээрээ инфляци, валютын ханш тогтворжино" хэмээн онцоллоо.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд улсын комисст хүлээлгэн өгснөөр барилга обьектууд, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглаж байгаа аж. 2, 3-р багц ажлын хувьд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Мөн газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил 86.4 хувьд хүрч буйг төслийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулгадаа дурдав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.