Орон нутагт нь болсон байгалийн аюулт үзэгдлийг далимдуулж Гамшгаас хамгаалах сангийн хөрөнгөөс завшсан гэх хэрэгт холбогдсон Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо.
Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Т.Баттүвшин, мэргэжилтэн, хошууч Ц.Амарсанаа, тус аймаг дахь МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн нарыг 2019 оноос хойш АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, 2024 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хэргийг нь шилжүүлж байсан юм.
Тэд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 30-ны А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын ЗДТГ-аас ирүүлсэн, хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрээс заримыг өөрчлөн сольж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгагдсан аж.
Мөрдөн шалгах ажиллагааны үед 25 иргэний нэрийг сольсон нь тодорхой болсон гэдэг. 2018 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд баруун аймгуудын нутаг дэвсгэрийг дайрсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байдаг. Энэ үеэр Бугат сумын 58 айл, өрхөд хохирол учирчээ. Тэдгээр айлд олгох ёстой хөрөнгөөс 25 айлынхыг нь сольсон гэж дээрх гурван албан тушаалтныг буруутгасан.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалан энэ оны гуравдугаар сарын 13-нд тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Уг цагаатгах тогтоолыг хяналтын прокурор нь эсэргүүцэн Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд хянан шийдвэрлэжээ.
Ингэхдээ уг тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болж. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Жишээлбэл, нэгэн гэрч “2018 оны арваннэгдгээр сарын 24-25-ны шуурганы үеэр манайд хохирол учраагүй. 2019 оны долоодугаар сард манай сумаас гаралтай Л.Лхагвацэрэн утсаар холбогдож, “Судалгаа явагдаж байна. Овог нэр, регистрийн болон дансны дугаараа хэлж өгөөч. Хэд хоногийн дараа дансанд чинь мөнгө орно” гэсэн. Удалгүй “нэг сая төгрөг орсон шүү. 100 мянган төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн 900 мянгыг нь над руу шилжүүлчих” гэснийх нь дагуу хэлсэн данс руу шилжүүлсэн” хэмээн мэдүүлсэн аж.
Энэ мэт баримтыг үнэлэлгүй хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзсэн аж. Т.Баттүвшин, Ц.Амарсанаа, Л.Лхагвацэрэн нарын өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхээс татгалзсанаар тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэхээр болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.