УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн хэргийг нь НПГ-т хүргүүлээд байна. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Эрүүгийн хуулийн нэг бус зүйл заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй аж.
Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн албан тушаалаа урвуулан ашигласан, 2015 оны мөн хуулийн 22.4-3-ын хахууль авсан, 18.6-2 дахь хэсгийн мөнгө угаасан, 22.10-2-ын үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх заалтын дагуу буруутгажээ.
С.Ганбаатар нэг хэсэг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Тэр үедээ албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм байна. Тодруулбал, МҮЭХ-ны эзэмшлийн газарт “МДТоф” ХХК-иар барилга бариулж, түүнээсээ нэг бус орон сууцыг төрсөн болон хадам дүү нартаа маш хөнгөлөлттэй үнээр олгуулж, эрх мэдлээ урвуулсан гэх үйлдэлд холбогдсон гэнэ.
Түүнчлэн “МДТоф”-оор тус холбооны эзэмшлийн газарт “Юнион билдинг” хэмээх оффисын барилга бариулж, түүнээсээ 500-гаад сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг УИХ-ын гишүүн болсныхоо дараа хахуульд авсан гэж буруутгасан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.
Эдгээрээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа БНСУ-ын иргэнээс 50 сая воны хахууль авсан хэмээн дуулианд С.Ганбаатар холбогдсон. Энэ нь ч мөрдөн шалгах ажиллагаагаар батлагдсан гэнэ. Бас “Монлаа” ХХК-ийн удирдах албан тушаалтнаас “Ланд круйзер-300” загварын автомашин хахуульд авсан үйлдэл ч мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон сурагтай. Харин үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэл нь шинээр авсан “Жийли” загварын автомашинаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг бүртгүүлээгүй нь эрүүгийн хэрэгт холбогдох үндэслэл болсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.