Өсвөр үе, залуучууд жүдо бөхийн Хонг Конг Азийн цомын тэмцээнд хүч үзнэ.
Энэ сарын эхээр Казахстан улсын Алматы хотноо Азийн цомын эхний тэмцээн зохион байгуулагдаж 10 орны өсвөр үе, залуучуудын 800 орчим тамирчид өрсөлдсөн билээ. Тус тэмцээнд манай улсаас өсвөрийн ангилалд Г.Энхжин -57кг жинд алтан медаль, -63кг жинд Х.Маралмаа алтан медаль, -40к жинд Б.Хулан шагналт байр эзэлж багийн дүнгээр манай баг, тамирчид гуравдугаар байр эзэлсэн. Харин залуучуудын ангилалд өсвөрийн ангилалд алтан медаль хүртсэн Х.Маралмаа жин өгсөн -70кг жинд барилдан мөнгөн медаль хүртсэн юм.
Тэгвэл Тайванд зохион байгуулагдсан Азийн опен болон цомын тэмцээнүүдийг өнжсөн манай баг энэ сарын 19-20-ны өдөр Хонг Конгд зохион байгуулагдах цомын тэмцээнд оролцохоор болжээ.
Өсвөр үеийн ангилалд 13 орны 123 жүдоч өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 15, эмэгтэй 12 буюу нийт 27 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Харин залуучуудын ангилалд 12 орны 160 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас эрэгтэй 21, эмэгтэй 13 буюу нийт 34 жүдоч сойж байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд жүдо бөхийн өсвөрийн ангилалд 15-17 насны тамирчид өрсөлдөх бол залуучуудын ангилалд 15-20 насныхан өрсөлдөх юм.