СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2025-07-13

Улсын арслан Э.Батмагнайгийн тухай аатай арван баримт

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
8 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ. Түүний тухай сонирхолтой арван баримтыг та бүхэндээ хүргэе. 

1. Э.Батмагнай нь Л.Энхтүвшин, С.Болормаа нарын гурав дах хүүхэд болон мэндэлсэн. Луу жилтэй. Нэг ах, нэг эгчтэй, айлын отгон хүүхэд.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт "Номундалай" сургуулийн 2018 оны Б.Оюунбодь багштай 12б ангийн төгсөгч. 

2. Э.Батмагнай 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 125 кг-ын жинд барилддаг.

Мөн тэрбээр 2017 болон 2018 онуудад Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байв. Тодруулбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болж байсан.

3. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Пагамын Аюуш улсын наадамд түрүүлж арслан цол хүртсэнээс 75 жил, Баянхонгор аймгийн Баян-овоо сумын харьяат Пунцагийн Сүхбат гарьд үзүүрлэснээс хойш 34 жилийн дараа Хонгор нутгаас наадмын түрүү бөх болж тодорлоо. 

4. Ж.Мөнхбат аварга 22 насандаа улсын наадамд түрүүлж байсан бол Э.Батмагнай 24 насандаа улсад түрүүллээ. 

5. Б.Батэрдэнэ аварга 1985 онд 21 насандаа улсын начин цол, 1988 онд 24 насандаа улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртэж байсан бол Э.Батмагнай 2022 онд 21 насандаа улсын начин, 2025 онд 24 насандаа улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртлээ. 

6. Монголын анхны GEN-Z аварга... GEN-Z үеийнхэн барилдахдаа гар барьж, унаж давсан ч нэг нэгнээ тэвэрч байгааг бид Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нарын барилдаанаас монгол түмэн харлаа. 

7. Улсын арслан Э.Батмагнайн дархан мэх нь гар ачаа. "Гар ачааг ганган хийдэг" хэмээн бөх сонирхогчид шагшдаг. Улсын наадамд гар ачаагаар түрүүлсэн билээ. 

8. Монгол Улсын Ерөнхий сайд Баянхонгороос төрснөөс хойш удалгүй Хонгор нутгийн урамтай сайхан наадлаа. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын И.Золбоогийн халзан азарга улсад түрүүлсэн бол, их насны морьдын уралдаанд Баян-Овоон сумын Ц.Энхтайваны хул айрагдаж, Үндэсний сурын дээд харваанд Баянлиг сумын Б.Баянмөнх 40 сумаас 38 онож “Гарамгай мэргэн” боллоо. 

9. Улсын арслан Э.Батмагнай улсын нааадамд түрүүлэхдээ есөн даваанд нийт 23 минут, нэг даваанд дунджаар 2 минут 35 секунд зарцуулжээ. Тодорхой хэлбэл, 

Гурвын даваа–4:34

Дөрвийн даваа–4:00

Тавын даваа–1:04

Зургаагийн даваа–8:34

Долоогийн даваа–1:43

Наймын даваа–2:45

Есийн даваа–2:26мин 

10. Түрүү бөхийг MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал тэрбум төгрөгөөр байлсан бол, "Бридж" корпораци гурван хаалгат “Заан Жимни” автомашин, Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлөөс "LEXUS-600" автомашинаар мялаахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхээ
8 цагийн өмнө
116.206.83.106

Шагналгүй яахав сайхан байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.