СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Монголын эдийн засгийн форум-2025 энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж, эхний өдрийн хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засгийн форумын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгууллаа.

 

Энэхүү хуралдаанаар нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд: Санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, хуралдаанд оролцогчдын санал, туршлага солилцлоо.

 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Томоохон төслүүд хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах үүднээс өнгөрсөн нэг жилд Улаанбаатар хоттой холбоотой 90 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын орчныг дэвшилтэт түвшинд хүргэлээ. Энэ удаад нийслэлийн эдийн засгийн шинэ бүтэц бий болгох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг санаачлан зохион байгуулж байна. Бидний дунд хугацаанд төлөвлөн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн мега төслүүдийг зөвхөн төсвийн хүрээнд бус төр, хувийн хэвшлийн түншлэл, олон талт хамтын ажиллагаан дор хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дотоод, гадаадын бонд гаргаж, эрчим хүч, орон сууцны төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөлөө. Энэхүү хуралдаанаар бидний хамтын ажиллагаа, уялдаа холбоо зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжил болоод төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд хүргэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Улаанбаатар хотоос 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах чиглэлээр Улаанбаатар метро, Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн замын тээвэр, Трам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзвар төслийг бүтээн байгуулна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ТЭЦ-5, Тархмал эх үүсвэр, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг тус тус хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Хүннү хот, Туул усан цогцолбор, Лаг шатаах үйлдвэр, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Олон улсын зочид буудал, Баруун далай орд гэсэн 24 мега төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.