УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр хамтран хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг шийдвэрлэжээ.
Ерөнхий хяналтын сонсголыг ирэх есдүгээр сарын 10-нд зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг ажиллуулахаар болжээ.
“Халзан бүрэгтэй” ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Олборлолт хийж эхэлбэл цацрагт идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль, экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж нутгийн иргэд эсэргүүцэж, хурцадмал байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Иймд тус ордыг ашиглахтай холбоотойгоор иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэн Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал нарын УИХ-ын 27 гишүүн хүсэлт гаргасны дагуу тогтоолын төслийг боловсруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.