УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр хамтран хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг шийдвэрлэлээ.
Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар, мөн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохоор тогтоолд тусгажээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ерөнхий хяналтын сонсгол яагаад зохион байгуулах болсон бэ гэдгийг асуумаар байна.
"Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигч ААН-үүд Халзан бүрэгтэйн ордыг ашиглахад тухайн бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээрээ байна” гэж бичсэн байна. Би энийг сайн ойлгохгүй байгаа юм. Байгаль орчны яам ажил хаясан юм уу. Яам хийх ёстой ажлаа хийхгүй болоод ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах гэж байгаа юм уу?
Төрийн өмчийн оролцоо ихсэх хэрээр хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувь буурдаг. Хууль хэрэгжүүлж байгаа яам, агентлагтай холбоотой асуудлуудыг УИХ дээр татаж оролцуулдаг болж байгаа юм уу? Эсвэл энэ жишгээр цаашид яваад байх уу? Төрийн оролцоог илүү их болгохоор хувийн хэвшил яаж ажиллах юм?! Хувийн хэвшил хумигдахаар эдийн засаг яаж босох юм?! гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.