Нийслэлийн төсвийн орлого, зарлагатай холбоотой цаг үеийн асуудлаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
-УИХ болон НИТХ дээр нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг тайланг хэлэлцсэн. Энэ үеэр хоёр асуудалд гишүүд маань буруу мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, 3.2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийг зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан. Түүнчлэн Сэлбэ бондын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг үр ашиггүй хадгалсан гэх утга бүхий ташаа мэдээлэл гарлаа. Эдгээрт албан тодруулга хийх нь зүйтэй гэж үзлээ.
3.2 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан гэж хэлэх нь зохиомжгүй юм. Хан-Уул дүүрэг дээр хөрөнгө оруулалтын ажлаар дөрвөн ажил хийгдсэн. Нэг нь долоодугаар сургуулийн өргөтгөлийн ажил. Нийт гэрээний дүн 9.8 тэрбум төгрөг. Цэцэрлэг барих ажлын нийт үнийн дүн 6.7 тэрбум төгрөг. 26-р сургуулиас хорооны байр хүртэлх авто замын ажил 689 сая төгрөг, 200 ортой цэцэрлэгийн барилга 3.3 тэрбум төгрөг гээд нийт 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил Хан-Уул дүүрэг дээр хэрэгжсэн. Гэрээний ажлыг шуурхайлах үүднээс гэрээний 30 хувийн үнийн дүнг хуульд нийцүүлэн өгсөн. Энэ нь 6.2 тэрбум байх байсан ч дүүргийн удирдлагууд журам зөрчин 3.2 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөр дээр илүү олгосон байна. 45 хувийн урьдчилгаа өгсөн байна гэдгийг аудитын байгууллага тогтоосон. 9-р сарын 30-ны өдөр биелэлтийг хүргүүлнэ. Холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч ажиллана.
Нийслэлээс олон улсад бонд босгож, бүтээн байгуулалт эхэлсэн Сэлбэ хотын үндсэн санхүүжилт дээр 3.1 тэрбумыг үр ашиггүй хадгалсан гэдэг үндэслэлгүй мэдээлэл юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гарсан мэдээлэлд албан ёсны мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Олон улсын бонд босгож, 17 хөрөнгө оруулагч 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Өнөөдөр ажил бүтээн байгуулалт нь эхлээд байгаа. 158 га талбайд Сэлбэ хотыг барьж байгуулах үндсэн санхүүжилт дээр 2024 онд 3.1 тэрбум төгрөгийн алдагдал, үр ашиггүй хадгалсан гэсэн асуудал яригдсан. Бид Германы Доечи банкаар андройдер банк хийж, 17 хөрөнгө оруулагчаас нийт 500 сая ам.долларын бонд босгосон. 2024 оны 11-р сарын 21-ний өдөр Монголбанкны сангийн яамны ам.долларын дансанд шилжүүлж авсан. Үүний дараа НЗД-ын захирамжаар Сэлбэ төслийн зарцуулалтад гаргах хугацаанд үр ашигтай хадгалах зорилгоор арилжааны банкнуудад хуваан байршуулах ажлын хэсгийг байгуулсан. Ингээд төв банк, сангийн яамнаас зөвшөөрөл авч 1.3 тэрбум төгрөгийг хагас жилээс хоёр жилийн хугацаатай 12.5-16.1 хувийн хүүтэй 100 сая ам.долларыг 8.5 хувийн хүүтэй хадгаламжийг 12 сарын 13-ны өдөр байршуулсан. Ингэснээрээ валютын ханшны тогтвортой байдалд нөлөөлсөн. Нийслэлийн гадаад үнэт цаасны хувьд 2025 оны эхний хагас жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр хадгаламжийн хүүгээс 108.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, үнэт цаасны хүүгийн төлбөрт 66.3 тэрбум төгрөг, ханшийн зөрүүгийн гарз 2.3 тэрбум төгрөг болж зөрүү 39.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.