Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч онд 2025 оны төсвийн төсөөллийг парламентээр хэлэлцүүлэхдээ нүүрсний үнийг өндөр байхаар тооцож улсын төсвийн дийлэнх хувийг уул уурхайгаас олохоор тооцон батлуулсан.
Жишээ татахад гэрийн эзний ирэх сарын цалин гурван сая төгрөг буудаг бол гэрийн эзэгтэй уг мөнгөний хэмжээнд зардлаа тооцолдогтой агаар нэг.
Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны 10-р сард нүүрсний үнэ түүхэн дээд түвшиндээ буюу тонн тутам нь 154 ам.долларт хүрсэн тул улсын төсвийг тэр хэрээр өндөр тооцож, зардлыг тэлсэн нь 14 мега төсөл хэрэгжүүлэх "зориг" өгсөн гэлтэй.
Гэвч нүүрсний үнэ огцом уруудсаар энэ оны дөрөвдүгээр сар гэхэд 92 ам.долларт хүрсэн тул манай улсын төсөв тасарч, яг үнэндээ өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалинг ч тавьж чадалгүй гацаанд ороод байна.
Засгийн газраас сөрөг арга хэмжээ авахын тулд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх шийдвэрийг 2025.06.25-ны өдөр гаргасан. Ингэхдээ 100 тонн нөөц бүхий нэр бүхий үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, дэлхийн зах зээл дээр түүхэн дээд хэмжээндээ хүрээд буй алтны орлогоор тасарсан улсын төсвийг нөхөхөөр шийдвэрлэжээ.
Гэвч Засгийн газрын гаргаж буй тогтоолын төсөлд 100 тонн нөөцтэй хамгийн чухал ордууд болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтий аймагт байдаг Шурадгын гол зэрэг үндсэн ордууд багтаагүй байна. Угтаа дээрх ордуудыг 10 гаруй жилийн өмнө баталсан урт нэртэй хуулийн хүрээнд хязгаарлалтад оруулсан байснаа УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргаж, эдийн засгийн эргэлтэнд оруулахаар тооцож байжээ.
Гэвч УИХ-ын тогтоолыг өргөн барих үедээ нэр дурдсан ордуудыг хассан буюу УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах тухай холбогдох заалтыг хассан байна.
100 тонны нөөцтэй алтны үндсэн орд газар манай улсын нутаг дэвсгэрт цөөн буй. Тэдгээр ордуудын гол нөөцийг дээр дурдсан Гацуурт, Баавгай, Эрээн, Шурадгын гол зэрэг газрууд агуулж буй.
Дээрх ордуудыг хэзээ нэгэн цагт олборлох нь тодорхой ч эдийн засаг хямарсан ийм л цагт эхлүүлэхгүй бол хэзээ эхлүүлэх вэ?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн өмнөх сайд Ц.Туваан ч тэр, одоогийн сайд Г.Дамдинням ч тэр “Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй нөхцөл байдалтай байна. Иймд дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөж буй алт олборлолтыг нэмэгдүүлэх, томоохон нөөцтэй үндсэн оруудыг нэн тэргүүнд ашиглах ёстой" гэх байр суурийг удаа дараа илэрхийлсээр буй.
Улсаа эдийн засгийн хямралаас гаргахын тулд дээрх асуудлыг шийдвэрлэсэн УИХ-ын тогтоол гаргах ажлыг тун удахгүй парламентаар хэлэлцэх юм. Засгийн газрын өргөн барьсан төсөлд өөрчлөлт оруулахгүй бол "Алт-3" хөтөлбөр "ам хаасан" хөтөлбөр болж, эдийн засгаа аварсан зүйлгүй эрээн цаас болж архивт хадгалагдах вий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.