Саяхан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлнэ гэж улсаас 53.5 тэрбум төгрөг гаргуулж аваад, тэр их хэмжээний мөнгөө өөрийн төрсөн дүү Ж.Азжаргалын компани болох "Кэй минералс солюшн" ХХК-иар дамжуулж, төсөл нэрийдлээр угаасан.
Тухайн төслийнхөө зөвлөх инженерээр Ж.Золжаргал өөрөө ажилласан. Төсөл нь огт хэрэгжээгүй буюу Тавантолгойн түлшний үйлдвэрийн хажууд хэсэг газарт шороон овоолго хийгээд орхисон нь ил болсон. Ах, дүү хоёрын хамтарсан төслийг нь Төрийн аудитын байгууллагаас шалгаж, мэдээж ямар ч үр ашиггүй гэсэн дүгнэлт үйлдэж, акт тавьжээ. Ямар ч төсөл хэрэгжээгүй учраас үр дүнгүй гэдэг дүгнэлт нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл нэрийн дор 53.5 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй нь хачирхалтай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нь 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Баянгол дүүргийн 9 дүгээр тойрогт сүр дуулиантай нэр дэвшиж, өөрийгөө үнэнч, шударга, эгэл жирийн инженер гэж сурталчилж, ард түмнийг төлөөлөн сонгогдож байсан нь саяхан. Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа цаасан дээрх төсөл барьж, сонгосон ард түмнийхээ хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс, татвар төлөгчдийн орлогоос нэг, хоёр, 10, 20 бус, бүхэл бүтэн 53.5 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй. Энэ хэргийг авлигын асуудлаар шалгаад ч зогсохгүй УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж ажиллахад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал ч яригдаж болохуйц ноцтой баримт ил болоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.