Үндэсний хороог хоёр дахин бууруулж, яамдын нийт бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгох бүтцийн өөрчлөлтийг хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанар яамдын бүтэц, орон тоо, стратеги, зохион байгуулалтыг хэлэлцсэн. Үндэсний хороог Ерөнхий сайд ахалдаг байсныг өөрчлөх хууль өргөн мэдүүлсэн. Нийт 58 Үндэсний хороог хоёр дахин бууруулна. Яамдын нийт бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог цөөлнө. Нийт 16 яаманд 138 газар байсан бол 109 болж цөөлж байна, яамдын хэлтсийн тоо 132 байсан бол 77 болгож цөөлөхөөр баталлаа. Яамдын газар, хэлтсийн дарга 270 байсан бол 84-өөр цөөлж 186 болгон бууруулахаар болсон. Хамгийн олон ажилтан, албан хаагчтай яам дээд тал нь 14 даргатай, цөөн албан хаагчтай яам 10 даргатай болно. Эдийн засаг хөгжлийн яам 28 газар, хэлтсийн даргатай байсан бол 14 болж хоёр дахин буурна.
Түүнчлэн газартай холбоотой асуудал удаан хугацаанд хүлээгдэж байсан, үүнийг шийдвэрлэсэн. Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа нэгдмэл сангийн асуудал хариуцсан агентлаг ажилладаг. Урьд нь газрын харилцаагаар аймаг, нийслэлийн Засаг дарга, тодорхой асуудал эрхэлсэн яамд хоорондоо зөрчилдөж, газрын харилцааг зохицуулдаг байсан. Тиймээс газрыг нэгдмэл зохион байгуулалтаар зохицуулах шаардлага үүссэн. Гэвч суманд, хороонд иргэдийн өмчлөх газрыг Засгийн газар дээр, Ерөнхий сайдын төвшинд шийддэг. Аж ахуй нэгж байгууллагын ашиглах, эзэмших газрыг Ерөнхий сайдын төвшинд шийддэг хүндрэл, нугалаа гарсныг засаж залруулах зорилгоор аймаг, сум, хотын дарга нь шийддэг байх уян хатан зохицуулалтыг хийж, газрын нэгдмэл сангийн төлөвлөлт зохион байгуулалт, удирдлагын асуудал Засгийн газрын төвшиндөө яригдана. Газар олгох асуудал хурдан шуурхай шат шатныхаа удирдлагын төвшинд хийдэг байх зохицуулалт хийхээр болсон.
Дараагийн асуудал эрчим хүчний компаниудыг нэгтгэх асуудлыг эхлүүлсэн. Энэ Засгийн газрын баримтлах бодлого бол төрийн албыг цомхон, чадварлаг, оновчтой бүтэцтэйгээр үр дүнтэй бүтээмжтэй ажиллах зохион байгуулалт хийнэ. Төрийн өмчит компаниудыг ийм зохион байгуулалтад оруулна. Энэ хүрээндээ Нийтийн өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдахыг хүлээхгүйгээр төрийн өмчит компанийн давхардал, хийдлийг арилгах, үр ашиггүй зардлыг бууруулах, энэ хүрээндээ алдагдлыг нь бууруулах хүрээнд тодорхой өөрчлөлт хийхээр боллоо. Хамгийн их асуудалтай, алдагдалтай хүндрэлтэй бэрхшээлтэй салбар эрчим хүчний салбар. Эрчим хүчний салбарт маш олон компани үйл ажиллагаа эрхэлдэг. Маш олон давхардсан орон тоо гардаг, үр ашиггүй зардал, ашиг сонирхлын зөрчил их байдаг. Энэ бүхнийг эхнээс нь өөрчилье гэдэг үүднээс төвийн бүсийн дамжуулах сүлжээнд баруун бүсийн эрчим хүчний сүлжээ буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэх, Алтай -Улиастайн эрчим хүчний сүлжээ компанийг төвийн бүсэд нэгтгэж, давхардсан чиг үүрэг орон тоо үргүй зардлыг бууруулахаар болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.