Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт”-ын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, үг хэллээ.
Тэрээр Франц Улстай олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг онцлон тэмдэглэж, гамшгийн үед агаараас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг дурдав.
Тус сургалт нь Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шат юм. Энэхүү шатанд нисдэг тэрэгний нисгэгч, инженер, техникийн ажилтан, аврагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалт нь зөвхөн агаарын аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэхээс гадна салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, олон улсын туршлагаас суралцах, гамшгийн голомтод хариу арга хэмжээг илүү шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Энэ удаагийн сургалтад Эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа анги, нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй алба хаагч, мэргэжилтэн оролцож байна. Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ, “Агаараас эрэн хайх, аврах анги өнөөдрийн байдлаар 159 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 212 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ бол Монгол-Францын хамтын ажиллагааны бодит үр дүн юм” хэмээгээд, хамтран ажиллаж буй Францын тал, Элчин сайдын яам, мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааг орчин үеийн технологид тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг Шадар сайд онцолсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.