Хотын удирдлагууд толгой мэдэн шийдэж, ард иргэд дэмжин “батлах” хоёр том асуудал өвлөөс наана биднийг хүлээж байна.
Нэгд, ТЭЦ-3-ын трубиныг засварлах, эс засварлахаас энэ өвөл нийслэлчүүд хөлдөх үү, эс хөлдөх үү гэдэг нь шалтгаална. Ослын шалтгаан нь “60 жилийн настай, ихээхэн хоцрогдсон техник технологитойгоос болжээ” гэж гарах болов уу даа. Учир мэдэх хүмүүсийн яриагаар энэ өвлөөс наана засварлах ямар ч боломжгүй гэдэг. Тэгэхээр Б хувилбарыг даруй бодохгүй бол болохгүй болно гэсэн үг.
Хоёрт, мидлинг үү, хагас коксжсон уу гэдгээс хамаарч утаатай өвөлжих үү үгүй юу гэдэг нь шийдэгдэх гээд байна.
За харин хоёр дахь асуудал ид яригдаж байгаа дээр саналаа хэлье.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хувьд “Хотын дарга Х.Нямбаатарын хэдэн зуун тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдан авч энэ өвлийг давъя” гэдэг санал санаачилгыг эрс эсэргүүцэж байгаа. Түүний үзэж буйгаар энэ нь ямар ч үр дүн гарахгүй, үргүй зардал болоод дуусах аж. Хотын даргын тайлбар ч бас логиктой. “Хагас коксжсон нүүрсний үйлдвэр барихаас өмнө шууд худалдаад авчихъя” гэж байгаа.
Гэтэл хоёр хоногийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлийн хурал хийж Ж.Золжаргалын улаан нүүрийг хуулаад хаячихлаа.
Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах 52 орчим тэрбум төгрөгийн тендерт “Паст презент солюшн” болон “Кэй минералс солюшн” гэж хоёр компани түншлэн шалгарчээ. Гэтэл “Кэй минералс солюшн” компанийн захирал нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын төрсөн дүү Ж.Азжаргал байсан агаад Ж.Золжаргал нь энэ компанийн зөвлөх гэж явдаг гэх баримтыг хотын дарга гаргаад ирлээ. Хамгийн но-той нь 52 тэрбум төгрөг салхинд хийсчихээд байгаа юм байна. Ийм хөөний ажил хийсэн Ж.Золжаргал үүнийгээ нуух гэсэн үү, эсвэл улс төр хийж байна уу хотын дарга руу дайраад байсан юмсанж.
Аливаа маргаан, мэтгэлцээн бол эрүүл зүйл юм. Олон нийт өөрсдийн оюуны шанагаар оюун дүгнэлт хийдэг. Хотын дарга гарц шийдлээ танилцуулсан. Ж.Золжаргал эсэргүүцэж өөрийн баримт, нотолгоогоо тавьсан. Хариуд нь хотын дарга Х.Нямбаатар улаан нүүрийг нь хуу татлаа.
Одоо Ж.Золжаргалын өөрийгөө хамгаалах ээлж! Наадмын дараа намар шүү! Маргаан мэтгэлцээнээ шалавлаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Золжаргалыг овоо зөв юм ярьдаг гэж бодсон чинь адилхан л баяжих хүсэлтэй нөхөр шив дээ дараагийн сонгуулиар ХҮН намыг сонгохгүй ээ
кккккккккккк хөөрхий дөө.