СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-18

ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Хуульзүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 5 дугаар тогтоолоор холбогдох ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нар ажиллаж байгаа аж.

Мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг, солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, хаяг, харилцаа холбооны утасны дугаарыг ашиглан дуудаж прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлж болох зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэдгээрийн хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар мөн түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар тус тус тусгахаар холбогдох саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Цахим баримтыг бэхжүүлэхдээ цуглуулах, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан талаар, хэрэглэсэн техник хэрэгслийн талаар тэмдэглэл хөтөлж, гэрэл зураг, дуу, дүрсний бичлэгээр давхар баталгаажуулах зохицуулалтыг тодруулан тусгах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцож болох зохицуулалтыг тусгах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах зохицуулалтын талаар тусгасан гэдгийг ажлын хэсгийн танилцуулгад тодотгоод “Уг зохицуулалттай холбоотойгоор мөрдөгч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж, хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах, зайлшгүй тохиолдолд дээд шатын прокурор энэ хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалтыг тодруулан тусгалаа” хэмээв. Түүнчлэн шүүгдэгч шүүх хуралдаанд орох зохицуулалтын талаар тодорхой асуудлуудыг ажлын хэсгийн зүгээс хөндөж, дараах саналуудыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг П.Сайнзориг гишүүн хуралдаанд танилцууллаа. Шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг, шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах хүрээнд тодорхой шалтгааны улмаас шүүгдэгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулж, түүний гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан байсан зохицуулалтыг төслөөс хасах нь зүйтэй хэмээн үзжээ. Шүүхийн шийдвэр гардуулан өгөх зохицуулалтын талаар бас тодорхой саналыг тусгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалттай уялдуулан төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн шийдвэрийг прокурор, оролцогчид бүрэн танилцуулж, төрийн нууцад хамаарах хэсгийг нууцлан гардуулж өгөх зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.