УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газар АН-гүйгээр хамтарсан Засгийн газрыг байгуулав.
Тодруулбал, энэ Засгийн газарт АН гарч, ХҮН нам үлдээд, Үндэсний эвсэл урилгаас татгалзаж, ИЗНН нэмж орлоо. Мөн, өмнөх засагт ажиллаж байгаад Ерөнхий сайдаа огцруулахад гараа, биеэ, ухаанаа, хөрөнгөө оруулсан МАН-ын зарим сайд Г.Занданшатарын Засгийн газарт үлджээ.
Ер нь бол, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа АН дуртайдаа, эсвэл гуйсаар байгаад МАН-ын Засгийн газарт орчихсон юм биш л дээ.
Үндсэн хуульд 2023 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг хийсэн. Угтаа, энэ өөрчлөлт хэрэгжсэнээр “...Ялсан нам ажил хийе” гэвэл УИХ дахь суудал бүхий бусад намтайгаа хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр аргагүй нөхцөл бүрдсэн. Энэ нь ч хөгжил нь гацсан Монголд хэрэгтэй. Адаглаад л, эх адаггүй улстөржилт багасна. Мөн хамтарсан Засгийн газраас “эх оронч” шийдвэр гарах боломжтой. Энэ нь сонгуулиас хойшх жил шахмын хугацаанд харагдсан. Өнөөдөр ч нотлогдсоор байна.
Товчхондоо, АН-ынхан МАН-ын Засгийн газарт орж ажилласнаар Монголын улс төр ямар “аядуу тайван” байсныг өнгөрсөн өдрүүд харууллаа.
Нөгөөтэйгүүр, “…Сохорсон биш завшив” гэдэг шиг МАН-ын Засгийн газраас “хөөгдсөн”-өөсөө хойш АН сүүлийн өдрүүдэд сүрхий өндийж байна. Тус намын рейтинг МАН-ынхаас дээш хөөрөөд ирлээ. Ингэснээр, ирэх сонгуулиудад амжилт гаргах боломж үүсэж байгаа юм. Гэхдээ, улс төрөө ухаалаг, зөв хийвэл шүү дээ.
Учир нь, АН анхнаасаа байсан, цагийн уртад “өнгө” нь хувирч, тоо нь олширсон бүлэг, фракц олонтой. Тэдгээрийнх нь эвдрэлцэл л тэдний амжилтад саад болж мэднэ. Тэгээд ч, ойрных иймэрхүү үзэл санааны хуваагдалтай нь холбоотой үйл явдлууд улс төрийн хөшигний ард өрнөөд л байгаа дуулдсан. Тиймээс, түүнийгээ түр ч болов хойш тавих хэрэгтэй байгаа юм. Тэгж байж л АН-д ялалт ирнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Залгаад, УИХ-ын 2028 оны ээлжит сонгууль тулна. Өөрөөр хэлбэл, АН өөдтэйхэн “сөрвөл” энэ хоёр сонгуулийн ялалт өмнө нь байна шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.