“Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship #22” аваргын бүсний төлөөх тэмцээн “Хангарьд Cup” нэрийн дор энэ бямба гарагт буюу 6 дугаар сарын 14-ний өдөр Аса Арена-д болох гэж байна. Дэлхийн шилдэг тулаанчид оролцох энэхүү тэмцээн болон монголд холимог тулааны спортын хөгжил хэрхэн урагшилж буй тухай тус холбоог үүсгэн байгуулагч МУГТ Ж.Нарантунгалаг, Ө.Гантөмөр, мөн холбооны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ нартай цөөн хором ярилцлаа.
Ө.Гантөмөр “Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны үүсгэн байгуулагчдын нэг, олон улсын таеквондогийн тулааны дэлхийн хошой аварга Танд өдрийн мэнд хүргэе.
Манай уншигчдад Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны тухай товч танилцуулаач?
-Манай тамирчид 2000 оноос хойш Япон, БНСУ улсад зохион байгуулагдаж буй кикбоксын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн байдаг. Эдгээр тэмцээнүүдэд оролцож байхдаа Япон, Солонгосчууд монгол тамирчдыг тоглуулах сонирхол ихтэй юм байна, мөн манай тамирчид амжилт гаргах боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Үүнээс улбаалан бид зөвхөн гаднын оронд биш эх орондоо тэмцээн зохион байгуулдаг болох, тухайн тэмцээнээс гарсан тамирчин нь олон улсад эх орноо төлөөлөн оролцдог байя гэж ярилцаад холбоогоо 2009 онд байгуулж анхны MGL-1 тэмцээнийг эхлүүлж байсан. Тэр үед Монголд холимог тулааны тамирчид цөөн байсан тул шилдэг найман тамирчин оролцсон тэмцээнийг кикбоксын дүрмээр зохион байгуулж байлаа. Дараа жил нь буюу 2010 онд холимог тулааны төрлөөр анхны тэмцээнийг зохион байгуулсан. Тухайн жилдээ би холбооныхоо гүйцэтгэх захирлын ажлыг авч байсан. Үүнээс хойш манай холбоо нь Япон Улсын холимог тулааны “DEEP” холбоотой 7-ийн эсрэг 7 тэмцээн, “MGL-1 Fighting Championship” аваргын бүсний төлөөх тэмцээнийг 21 удаа, мөн залуу тамирчдын ранк өсгөх “MGL-1 Fight Night” тулааныг 6 удаа зохион байгуулж иржээ. Мөн “Мастер тулаанч” реалити шоуг зохион байгуулж ялагчаар нь З.Шинэчагтага тодорч ONE CHAMPIONSHIP холбоонд тоглох эрхээ авч байлаа.
Та бүхний анх тавьж байсан зорилго энэ 16 жилийн хугацаанд хэр биелсэн бол?
-Би биелсэн гэж хэлнэ. 16 жилийн түүхтэй залуу холбоо гэхэд дэлхийн холимог тулааны шилдэг бүхий л холбоонд манай аваргууд тулалдсан мөн дэлхийн 2 удаагийн аварга төрөн гарсан нь манай Ж.Нарантунгалаг. 2011 онд Ази, номхон далайн орнуудын “LEGEND FC” холбооны тэмцээнээс монголоос тодорсон анхны дэлхийн аварга болоод ирж байхад үүнийг ойлгох хүн монголд байгаагүй. Монголчууд холимог тулааныг дүрэмгүй зодоон, нохой зодоон гэж ойлгодог байсан. Дараа нь Нараа маань ONE CHAMPIONSHIP-н дэлхийн аварга, мөн холимог тулааны анхны МУГТ болсон. Ялалт байгуулаад төрийн дууллаа эгшиглүүлж, эх орныхоо төрийн далбааг мандуулаад байж байх тэр агшин ямар сайхан гээч. Манай монголчууд дэвжээн дээрээ дэлхийн шилдэг холбоодын тулаанчдад ялагдаж үзээгүй. Японы DEEP холбооны тулаанчдыг хожсон. Япондоо шүтэгдсэн, 49 тоглочихсон аваргыг унагаасан. Монголын тусгай хүчинд байгаа залуучуудын шилдгүүд нь дандаа MGL-д өөрсдийгөө сорьсон залуучууд байдаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө SPS телевиз UFC холбооны тулааныг нэвтрүүлдэг болсноор үзэгчид холимог тулааныг бага багаар ойлгож эхэлсэн. Манайхаас дэлхийд тэргүүлэгч UFC холбоонд Т.Нямжаргал тулалдаж байгаа бол ONE CHAMPIONSHIP холбоонд тулалдаж байгаа Б.Энх-Оргил гэхэд дэлхийд ранкаараа 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. Саяхан АНУ-ын чансаа өндөр холбоодын нэг Tuff-N-Uff-д Ц.Амарсанаа дэлхийн аварга боллоо. Тэд зөвхөн өөрсдийнхөө сонирхлоор л яваад байна. Хэрвээ улсаас бодлогоор дэмжвэл манай монгол тулаанчид гайхамшгийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг. Жишээлбэл дэлхийд холимог тулаанаар тэргүүлэгч АНУ, ОХУ, мөн Казахстан л гэхэд Ерөнхийлөгчийн түвшинд дэмжлэгтэй явж байна. Монгол Улс БНХАУ-аас түрүүлж холимог тулааны аваргатай болсон шүү дээ. Одоо урд хөршийн холимог тулааны хөгжил бол ярих юмгүй байна.
Ж.Нарантунгалаг МУГТ, “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын нэг
Энэ удаагийн “Хангарьд cup” өмнөх тэмцээнүүдээс юугаар онцлог гэж та хард байна вэ?
-Энэ удаагийн тэмцээн манай холбооны түүхэнд байгаагүй том тэмцээн болох гэж байна. Монголд ирж байгаагүй олон орны тамирчин тулалдана. Монголын шилдэг тулаанч болох Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар, мөн Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигери улсын туршлагатай тамирчид оролцож, нийт 7 тулаан болж, аваргын бүсний эзэн тодорно. 61 кг-н аваргын бүсний тулалдаанд хүч үзэх Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар хоёрын хувьд нэг ч ялагдалгүй явж байгаа. Ш.Одсүрэн ОХУ-ын Ippon Primory холбооны тэмцээнд аварга болсон цор ганц монгол тамирчин. Ер нь Орост аварга болно гэдэг том сорилт л доо. Б.Шинэбаатар бол Японы GLADIOTOR холбооны түр аваргын бүсний төлөө тулалдаж, өрсөлдөгчөө хэдийгээр цэвэр ялж чадсан ч жиндээ орж хараахан чадаагүй учраас аваргын бүсээ аваагүй. Өмнө нь аваргын бүсний төлөө MGL холбоонд тулалдаж ялалт байгуулсан залуус тэмцээнд оролцдог байсныг энэ удаа өөрчилсөн. Энэ бол Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гэдгийг харуулахын тулд 2 талд ялагдаагүй шилдэг тамирчдыг бүсний аваргын төлөө тоглуулах гэж байгаагаараа онцлог юм. Тэмцээн сонирхолтой болохоор байна.Тулаанчид маань ялалт байгуулбал гэрээнд заасан шагналаа 2 дахин нэмж авна. Бид өмнөх тэмцээнүүдээ гадаад шүүгчээр шүүлгэж байгаагүй. Энэ удаагийн “Хангарьд cup” тэмцээнд олон орны тулаанчид өрсөлдөх учраас ONE CHAMPIONSHIP-н мэргэжлийн шүүгчдийг багаар нь урьж ирүүлсэн. Торон доторх шүүгч, мөн хажуугаас шүүж оноо өгдөг шүүгчид багтаж байна. Манай монгол шүүгчид тэдэнтэй хамтарч, хянаж ажиллахаар болсон. Тэгэхээр манай шүүгчид туршлага, ур чадвараа улам сайжруулах боломж гарч ирж байна. Холбоо энэ жил аваргын бүсээ шинэчилсэн. Манай холбоонд 2011 оноос гадаад тамирчид тулалдаж эхэлсэн. Ер нь гадаад тамирчдыг эх орондоо авчирч тулалдуулснаар тамирчдын маань чанар чансаа ахих, ур чадвар дээшлэх, мөн гадагшаа гарч тулалдахад сэтгэл зүйн том дэм болдог. Үүнээс гадна, Япон Улсын холимог тулааны сэтгүүлч, БНСУ-ын сэтгүүлч, судлаачид ирж байгаа нь манай “Хангарьд Cup”-н чансааг дэлхийд сурталчилж, таниулахад том хувь нэмэр болно гэж харж байна. Холимог тулаан монголд хөгжиж байна. Дотоодын өрсөлдөөн маш өндөр чансаанд хүрчихсэн. Тэгэхээр энэ удаагийн “Хангарьд cup” хүлээлт өндөртэй байна.
Б.Эрдэнэ “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал
Энэ хавар холбооны удирдлага шинэчлэгдэж, та холбооны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Та бүхэн холбооны үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлд төлөвлөсөн ажлаасаа хуваалцана уу?
-“Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-ны Удирдах зөвлөл энэ оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хурлаараа Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, холбооны гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан. Мэдээж олон жилийн түүхтэй, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй холбооны менежментийг сайжруулж, олон нийтэд таниулан сурталчлах, мэргэжлийн тулаанчдаа олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцуулж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулах нь бидний чин хүсэл, зорилго. Энэ хүрээнд холбооны зүгээс тогтмол тэмцээн зохион байгуулах, мөн олон улсын чансаатай тамирчдыг эх орондоо урьж, тэмцээнд оролцуулахад анхаарч ажиллаж байна. 2025 онд бид олон улсын чанартай хоёр томоохон тэмцээн зохион байгуулах, залуу тамирчдын ранк өсгөх хоёр тэмцээн, шинэ залуу тамирчдыг нээж ирүүлэх зорилго бүхий сорил тэмцээнийг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь “Хангарьд Cup” юм. Мөн холбооны гадаад харилцааг өргөжүүлэх, азийн шилдэг холбоодтой хамтын ажиллагааг эхлүүлж, хамтарсан тэмцээн зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Мөн тамирчдаа гаднын томоохон холбоодтой гэрээ байгуулахад анхаарч байна.
Ер нь гаднын тулаанчид монголд ирж тулалдах нь ямар ач холбогдолтой байдаг тухай хуваалцаач?
Манай холбооны тулаанчид хэлдэг л дээ, дэлхийн дэвжээний тулаанчид монгол тулаанч эрсийг Чингис хаан, байлдан дагуулал, бахдам дайчин эрсээр нь төсөөлж, хүндэтгэдэг гэж. Энэ ч утгаараа дэлхийн холимог тулааны ертөнцөд бидэнд асар том боломж, орон зай бий гэж хардаг. Манай холбооноос тасралтгүй зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship” аваргын бүсний төлөөх тэмцээнд гаднын шилдэг тулаанчид ирж оролцсоноор тэдний фенүүд нь Монгол Улсын тухай мэдээлэлтэй болно. Манай тамирчид онцгойрч, ялалт байгуулбал тэр хэмжээгээр тулаанчдыг маань дэмжигчид нэмэгддэг. Жишээ нь манай Т.Нямжаргал гэхэд Япон Улсад, Б.Энх-Оргил Филиппин улсын бүхий л шилдэг тулаанчдыг ялсан учир Филиппиний шүтэн бишрэгч ихтэй. Манай тулаанчдын эрэмбэ, чансаа дээшлэх тусам гаднынхан манай улсыг, манай тулаанчдыг сонирхоно. Томоохон холбоод ч гэрээ байгуулна. Спорт сонирхогчид манай улсыг жүдо, чөлөөт бөх, японы мэргэжлийн сумо бөхөөр таньж мэддэг байсан бол үүн дээр холимог тулаанчид маань нэмэгдэж байгаад баяртай байна.
Ярилцсанд баярлалаа.
Бидний ажлыг дэмжсэнд баярлалаа. Дэлхийд гарах монгол тулаанчдаа дэмжиж та бүхэн энэ бямба гарагт болох “Хангарьд Cup” тэмцээнд хүрэлцэн ирээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.