Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарт УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл:
-Хамтарсан Засгийн газар хүний эрхийн багц хуулиуд өргөн барьснаас 11 нь хэлэлцэх эсэх дэмжигдсэн. Тодруулбал жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зэрэг зарим нэг төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Таны хувьд хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Авлигын нөхцөл байдал санаа зовоосон хэвээр байна. Өрсөлдөх бололцоотой гэдэг ангилал руу явж байгаа. Энэ чиглэлд Засгийн газраас хэд хэдэн чиглэлийн хуулийн төсөл өргөн барьсан. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, дагалдсан Авлигын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол ганцхан Засгийн газраас барьж байгаа бодлого биш олон улсын экспертүүдээс өгсөн зөвлөмж зэрэгт үндэслэсэн. Авлигын чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Стратегийн орд газруудтай холбоотой асуудал байна.18 жилийн дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Стратегийн орд газрыг ярихаар маш их дайралт ,саад гүтгэлэг учирдаг юм билээ. Эдгээр саадыг даван туулж, байгалийн баялгийг Монголын ард түмэнд хувь хүртээх зориг зүрх байгаа юу? Ямар бодлого барьж ажиллах вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж үгүй гэж би боддог. Ардчилсан Үндсэн хуулиараа хүний эрхийг баталгаажуулсан, тодорхой заасан улс. Тийм учраас Ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна. Төр ард түмний итгэлцэл хүчтэй ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн үндэс нь хүний эрхийг хамгаалах явдал гэж үзнэ.
Шинээр томилогдох Хууль зүйн сайдад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллана. УИХ, Байнгын хороотойгоо, Хүний эрхийн дэд хороотойгоо уялдаж ажиллахыг чиглэл болгоно. Хүн биш хууль засагладаг, хүний эрхийг дээдэлдэг байх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа, нууц мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүдээс гарах санаачилагыг дэмжиж ажиллах болно.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулсан. Энэ дотор үндэслэлгүй хөрөнгөжих, орлогоосоо давсан зарлагыг хянах зохицуулалтыг оруулсан, Эрүүгийн хуулийн ялтай. Үндэслэлгүй хөрөнгөжсөн бол хөрөнгөө иргэний журмаар хураалгаад дуусгадаг иргэний хэрэг биш одоогийн хуулиар эрүүгийн гэмт хэрэг. Шинэ хууль гаргахаас илүүтэй, дабль стандарт байдлаар хууль сахиулах байгууллага ажиллаж байгаад буюу заримд нь хууль үйлчлэхгүй байгаад иргэд дургүйцэж байгаа.Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх талд хуулийн байгууллагынхныг шахаж шаардаж ажиллах ёстой гэж үздэг.
Засгийн газраас Хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан тул парламентын шийдэх асуудал болсон. Стратегийн ордын энэ санаачлагыг 2021 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бид оруулсан. Энэ хүрээнд Норвегийн Үндсэн хуулиас иш авч, УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Тийм учраас үүнийг хэрэгжүүлэх нь эр зориг төдийгүй бидний хүсэл эрмэлзэл бодит шаардлага. Миний нэр дэвшсэн нэг шалтгаан төр, ард түмний хамтын хүчээр оруулж ирсэн энэ асуудлыг үргэлжлүүлэн бодитой болгох юм. Тийм учраас энэ зориг биш, миний хүсэл мөрөөдөл юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.