МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. МАН-ын Удирдах зөвлөлөөр дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Улмаар нэр дэвшигчийг МАН-ын Бага хурлаар оруулж олонхын саналаар баталгаажуулна. Харин үүний дараа нь Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар оруулах хуультай.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар:
-Дараагийн Засгийн газрын өмнө ямар асуудлууд тулгамдаад байна вэ? Ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэдгээ Удирдах зөвлөл дээр илүү түлхүү ярих болов уу гэж бодож байна. Тухайлбал, эдийн засгийн байдал хүнд, экспортын орлого унасан. Төсвийн орлого дутагдаж байна. Төсөв дээр суусан хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Үүнийгээ яах вэ? Валютын нөөц буурч, ханшийг хүчээр барьж байна. Эдийн засгийн хөдөлгүүр хувийн хэвшлээ яах билээ гээд олон асуудал байна.
Миний хувьд ерөнхий сайд болохгүй. Дараагийн Засгийн газарт ажиллах саналыг хүлээж авахгүй. УИХ-аасаа бүрдүүлэх нь зөв гэж гэдэг бодолтой байна. Хамтарсан засгийн газарт сайн ажилласан сайд байхгүй.
Улс орны нөхцөл байдал ийм байхад дотоод зөрчил гаргаад яах юм бэ? Хэн хожих вэ? Тал талдаа хүн чанар, ноён нуруу гаргаж, зарчмаа баримталж, хуулиа дээдлэх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.